Дорнод /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймгийн зөвлөл жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр ачлалт 21 дарь эхийг тодруулдаг уламжлалтай.
Өчигдөр Дорнод Бөхийн Өргөөнд болсон “Мянган ээжийн баяр”-ын цэнгүүний үеэр ачлалт эхчүүдэд аймгийн удирдлагууд өргөмжлөл, тууз, тэмдгийг гардуулав. Тэдний хамгийн өндөр настай нь 86 настай Цогзолмаагийн Дулмаа байсан. Тэрээр 9 хүүхэд төрүүлж өсгөж, үр хүүхдүүд нь сайн сайхан ажиллаж амьдарч байгаа ачлалт ээж юм.
Баярын үеэр Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ц.Сарантуяатай уулзахад: - Жил бүрийн Мартын 8-наар ачлалт 21 дарь эх тодруулж алдаршуулдаг энэ ёслол хүндэтгэлийн ажил 12 дахь жилдээ зохиогдож байна. Ээжийгээ алдаршуулах, хүндлэл үзүүлэх ирэх жилийн ажил энэ өдрөөс эхэлдэг гэж хэлж болно. Яагаад гэвэл “Алдарт эх"-ийн 1,2-р зэргийн одонтой ямар ч ээжийг “Ачлалт 21 дарь эх”-ээр өргөмжлөх нь “нээлттэй” байдаг. Гагцхүү үр хүүхдүүд нь ээжийгээ түрүүлж амжиж бүртгүүлснээр тоог 21-ээр тасладаг гэж ярилаа. Энэ удаагийн “Ачлалт 21 дарь эх”-ийн дотор 2 хүүхэд төрүүлж, 3 хүүхэд өргөж авч, 23 хүүхэд өсгөсөн болон хамгийн олон нь 11 хүүхэд төрүүлсэн гээд олон сайхан ээж багтсан.
Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1-р зэргийн одонтой ээж 2480, 2-р зэргийн одонтой ээж 4241 байна.
Б.Туяа
Сэтгэгдэл үлдээх