“Эр хүний овоо”-ны “эзэн”

2017-04-06 17:45:52 | 658 | 0


Энэ хүнийг Балжиннямын Эрдэнэ гэдэг. Хэрлэн сумын “Зангиат”-ын хороололд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн залуу. Манайхны хэлж заншсанаар тэднийх “Эр хүний овоо”-ны зүүхэн талд байдаг. Овоо аймгийн төвөөс хойд сумд руу явдаг зам дээр учир байнгын олны хөлд дарагддаг. Угтаа үдэлт угталтын газар гэж хэлж болно. Хол, ойрын зочин гийчиндээ аймгийн төвөө хоймроос нь харуулах гэж зорьдог, нэг үгээр хэлбэл манайдаа “Зайсан толгой”. Манайхан л болсон хойно архи дарсныхаа шилнээс өгсүүлээд тамхины иш хог цаасаар булаад хаячихна. Энэ бүгдийг цэвэрлэж байнгын арчилдаг хүн бол Эрдэнэ. Хэний ч зааваргүйгээр, хэнээс ч шан харамж харахгүйгээр энэ л ажлаа хийнэ. Долоо хоногт хоёр удаа хүүхдээ салхилуулангаа овоогоо цэвэрлэнэ. Тэрээр байгальд хайртай нэгэн. “Элдэв лам, бөөд очиж байснаас уул овоондоо залбирчихвал сэтгэл сайхан болчихдог юм” гэж ярих. Хүмүүс овоон дээр хадаг самбай, шил, таяг гээд тавихгүй юм байдаггүй гэнэ. Ядаж байгальд өөрөө уусч шингэх зүйл өргөхгүй юм гэж Эрдэнэ шогшрох. Түүнийг овоон дээрх хогийг түүж байгааг харсан машинтай хүмүүс өөрсдийн хаясан хогоо буцаагаад уутанд хийгээд аваад явах ч тохиолдол гардаг гэнэлээ. Тэр ганц энэ овоо гэлтгүй өөрийн хашаа, эгнээгээ цэвэрхэн байлгахыг ямагт хүсч айл хөршүүддээ уриалдаг, заримтай бүр ширүүхэн тулсан ч удаатай. Одоо хавь ойрынхон нь түүний зүтгэлийг үнэлж хашааныхаа ойр орчмыг цэвэрхэн байлгадаг болсон гэнэ. Жижигхэн зүйлээс өөрчлөлт эхэлдэг гэж манайхан ярих дуртай. Тэгвэл хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийгээ хайрлах нь хог хаяхгүй байхаас эхэлнэ гэдэгт би итгэдэг. Эрдэнэ шиг хүмүүс олшроосой.
Н.МӨНХСАЙХАН

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна