Дорнод нутгийн ахмад шатарчин Д.Дугаржав агсны нэрэмжит 25 дахь удаагийн шатрын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнийг Д.Дугаржав агсан амьд ахуйдаа олон жил зохион байгуулж байсныг түүний үр ач нар үргэлжлүүлэн сэргээж зохион байгуулдаг болсон юм. Тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж дан ганц Дорнод аймаг гэлтгүй хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймгаас шатарчид оролцох сонирхолтой болжээ. Энэ удаагийн тэмцээнд 60 шахам шатарчид "хүнгүй талд цусгүй тулаан"-аа хийж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ахмад гэсэн гурван төрлөөр явагдсанаас Д.Дүүрэнжаргал, Б.Очирсүх /Сүхбаатар аймаг/, Д.Дөлгөөнжаргал, С.Чойжилсүрэн, Ц.Баяржаргал нар эрэгтэйчүүдийн төрөлд эхний таван байрын эзэд болов. Харин А.Саруулзаяа, М.Алтантунгалаг, Т.Хүслэн нар эмэгтэйчүүдийн төрөлд өнгөлсөн бол М.Өлзийтөмөр, Б.Дугар, Д.Ганшигмаа ахмадуудаа тэргүүлжээ.
Н.Мөнхсайхан
Сэтгэгдэл үлдээх