Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнасан түүхэн тэмдэглэлт өдөр энэ сарын 24-нд тохиолоо. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, ардын хувьсгалын гарамгай удирдагч Сүхбаатар жанжны нэрэмжит уг шагналыг 1941 оны тавдугаар сард Улсын бага хурлын тогтоолоор бий болгож хувь хүн болон тодорхой байгууллага, хамт олон, цэргийн анги нэгтгэлийг улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон соёл урлагт онцгой гавьяа зүтгэл гаргасны төлөө шагнах болсон билээ. Уг одонг Улсын баатар цолтонд давхар гардуулж өгдөг уламжлалтай. Энэ утгаараа Дорнод аймаг давхар Баатар аймаг боллоо гэсэн үг юм. Тэртээ 1943 оны 03 дугаар сарын 14-нд манай аймгийн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаснаас хойш эдүгээ 74 жилийн дараа Монголын төр дахин соёрхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах ёслол дээр хэлсэн үгэндээ “ Монголчууд аа, Дорнодчууд аа. Өнөөдөр дорнын их талд мартагдашгүй олон жил дурсагдах сайхан үйл явдал болж байна аа. Дорнодчуудын үе үеийнхний хөдөлмөр, улс эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт сайн сайхан, эрх чөлөө бүрэн эрхт байдлын төлөө гаргасан зүтгэлийг Монгол төр үнэлж дээд хүндэтгэлээ үзүүлж байна. Энэ дээд хүндэтгэлийг ард түмнээ төлөөлөн, төрөө төлөөлөн үзүүлж байгаадаа би баяртай байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс, төрийнхөө өмнөөс “Сүхбаатарын одон” хүлээн авсан Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баяр хүргэе. Наран ургах зүгийн Дорнодчуудын маань олон үеийнхний хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлгээ болж байна. Энэ бол манай азай буурал ахмадуудын хөдөлмөр зүтгэл, хичээл тэмцлийг үнэлж байгаа үнэлгээ болж байгаа. Бидний гайхамшигтай ахмад үе Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал, сайн сайхны төлөө амь биеэ зориулан зүтгэж ирсээн. Тэдний дараачийн үеийнхэн Монголд их бүтээн байгуулалт хийхийн төлөө улс орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө зүтгэж ирсээн. Өнөөдөр Дорнодод амьдарч байгаа өнөөгийн үеийнхэн мөн улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж өөрсдийн амьдрал, гэр бүл, нийгэм энд байгаа бүхнээ сайн сайхан авч явахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Энд хувийн хэвшлийг хөгжүүлэх, газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх, эрхэлж байгаа ажил бүхэндээ амжилт гаргахын төлөө манай Дорнодынхон зүтгэж байгаа. Дорнодоос сүүлийн жилүүдэд үргэлж сайхан мэдээ сонсогдож байгаа. Энэ бүхнийг үнэлж өнөөдөр “Сүхбаатарын одон”-гоор шагнаж байгаа юм аа. Мөн ирээдүй үеэ зоригжуулж ирээдүй үе минь цаашаагаа энэ сайхан үйл хэргийг үргэлжүүлэн авч явна аа. Та бүхнийг Монголын төр, Монголын ард түмэн хүндэтгэж байна аа, баяр хүргэе” гэлээ. Тэрээр цааш нь Дорнод аймгийн эдийн засгийн өсөлт байнга нэмэгдэж байгаа, иргэдийн хадгаламж нэмэгдэж санхүүгийн чадавхи өссөн үзүүлэлтийг дурдаж байлаа. Мөн Дорнод аймаг хүний хөгжлийн үзүүлэлтээрээ улсад эхний тавд жагсаж байгааг сайшаан аймаг хөгжлийн бодлогоо тодорхойлсон явдлыг онцлон тэмдэглэсэн. Ерөнхийлөгч найман жил Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хийсэн ажлаасаа Дорнодчуудад цухас дурдсан. Тухайлбал Орон Нутгийн Хөгжлийн Санг Ерөнхийлөгч санаачилсан. Ганцхан жишээ дурдахад Дорнод аймагт 2014 онд ОНХС-д 12 тэрбум төгрөг орж байсан. Харамсалтай нь жил бүр уг мөнгө багасаж байгаад Ерөнхийлөгч сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн. Энэ мөнгөөр орон нутгийнхан ажлын байртай болдог, олон сум булаг шанд, ногоон байгууламжаа зассан, хашсан. Өөрийн зүгээс ОНХС-ийн мөнгийг өмнөх оныхоос нь багаар батлахгүй гэсэн хуулийг Их хуралд өргөн барьсан ч одоог хүртэл баталж өгөхгүй байгааг ярина лээ. Мөн тэрээр Матад тамсагийн газрын тосноос улсын төсөвт орж ирдэг хөрөнгө оруулалтаас Дорнодчууд хувь хүртэх ёстой гэсэн байр суурин дээр байдгаа тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчийн хувьд Монгол хэл, соёлд онцгой анхаарч ажилласан байдаг. Бүх нийтээр Монголч бичигтэй болох, төрийн албан ёсны бичиг баримтуудыг монгол бичгээр хөтлөх, ”Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн тайлбар толь” бүтээсэн зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Дорнод аймгийн Төв номын сан энэ хүрээнд маш сайн ажиллаж байгааг Ерөнхийлөгч онцлон сайшаасан. Монгол Улсад ил тод байдал, хуулийн хэрэгжилт, авлига хээл хахуулийн эсрэг олон хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Шилэн дансны хууль, Шүүхийн шинэчлэл, Эвлэрүүлэн зуучлах тухай хууль гэхчлэн. Хамаг хардалт сэрдэлт хэрүүл мөнгө хөрөнгөнөөс болдог. Одоо тэгвэл дурын иргэн төрийн байгууллагын дансыг интернэтээс харж болдог болсон, урьд нь шүүх гэдэг газар руу хүмүүс орохоос айдаг бол одоо тосч аваад яах ийхийг нь заасан маягт бөглүүлээд гарц гаргалгааг нь заагаад өгдөг болсон. Хаалттай байдаг байсан шүүхийн шийдвэрүүд шүүх.мн сайт бий болж олон нийтэд ил болсноор иргэд шүүхийн шийдвэртэй чөлөөтэй танилцах боломж нээгдсэн. Иргэд энэ сайтаас 150 мянга гаруй хэргийг дахин татан авч танилцсан байдаг. Эвлэрүүлэн зуучлах хуулийн дагуу сүүлийн нэг жил 16 мянган хүн үйлчилгээ авчээ. Олон улсын хамтын ажиллагааны Германы шинжээчид Монголын шүүхэд 64 хувь буюу “сайн” гэсэн үнэлгээ өгчээ. Ерөнхийлөгийн дараагийн нэг санаачлага бол “Иргэний танхим”. Аймаг сум бүхэнд Иргэний танхим бий болж төрийн бодлого шийдвэрт ард түмэн дуу хоолойгоо хүргэх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иргэд хууль санаачилж төрдөө өргөдөг, зөв бурууг нь шүүн тунгаадаг эрхтэй байхын төлөө Ерөнхийлөгч хууль санаачилж их хуралд өргөн барьсан, дэмжинэ гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. Олон улсын түвшинд болоод хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаа дээд түвшинд хүргэж хамтран ажиллах зайлшгүй шаардлага бидэнд байгаа. Тийм ч учраас Ерөнхийлөгч санаачлага гарган хоёр хөршийнхөө удирдагчидтай гурван удаагийн уулзалт хийж бизнес эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гэдгээ хэлж байсан. Тэрээр бид, хоёр том гүрнийхээ дунд өнчин ишиг шиг ганцаараа үлдэж болохгүй, дамжин өнгөрөх тээвэр, хийн хоолой, төмөр замыг хамтран байгуулж гарцтай байх ёстой гэдгийг онцлон хэлж байсан юм. Хамгийн сүүлд Ташкентад хийсэн уулзалтаар эдийн засгийн “коридор” байгуулахаар ярилцаж тодорхой түвшинд хүрээд байгаа. Төрөөс анхаарахгүй бол олон сайхан боломж Монголыг тойрч Манжуур, Казахстанаар дамжаад явчих гээд байгаа шүү гэдгийг ч сануулаад авсан.
Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд “Энэхүү шагнал бол Монголын төрөөс Дорнодчуудад өгч буй гүн хүндэтгэл юм шүү. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд цөөхөн аймаг энэ шагналыг хүртсэн. Харин би өөрийн биеэр гардуулсан ганцхан аймаг Дорнод аймаг. 74 жилийн дараа манай Дорнодынхоныг Монголын төр “үнслээ”, удаан хүлээсэн шүү. Дорнодоос Монголын өглөө эхэлдэг. Тийм учраас Дорнодоос Монголын сайн сайхан эхэлж байх ёстой. Дорнодын сайн сайхантай Монголын сайн сайхан уялдаж байх ёстой. Учир нь манай Дорнодынхон хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй, хийморьтой ард түмэн. Олон аймгаас ирсэн ястнууд эв найртай ажиллаж хөдөлмөрлөдөг. Үүгээрээ манай Дорнодчууд гайхуулж явах ёстой шүү. Та бүхний буян заяа үргэлж дээшилж, хийморь нь босоо, ажил хөдөлмөр нь бүс нутагтаа, улсдаа ямагт манлайлж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэсэн сайхан ерөөлөөр ЖАРГААСАН билээ.
Монгол төрийн өндөр дээд шагналыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгийг “Дорнод” сонин уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байгаадаа таатай байна.
“ Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Миний нутгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, ардчилсан төрийн тэргүүн Эрхэм хүндэт Та зарлиг буулган, Дорнод аймаг, сумдын сүлд хийморийн туган дээр их жанжны нэрэмжит “Сүхбаатар”-ын одонг залж өглөө.Төрийн өндөр шагналыг аймаг хотлоороо хүртсэн түүхт энэ өдөр, эвийн халуун сэтгэлт халх, буриад, барга, үзэмчин түмнийхээ баяр талархлыг Танд уламжлахад таатай байна. Энэхүү шагнал нэг аймгийн нэр дуудан олгосон нэг одон хэдий ч манай аймгийн иргэн бүхний ажил үйлс, амжилт бүтээлийг үнэлсэн, урам зориг бахархлыг огшоосон, баялаг бүтээж хөгжил дэвшилд тэмүүлсэн зон олны сэтгэл зүтгэлд гэрэлтэх одон юм. Дорнодчууд, аймгаараа төрийн хүндтэй шагнал хүртэж, түүний утга учир, ач холбогдлыг харуулж ирсэн уламжлалтай. 1931 онд Хан Хэнтий уулын аймгаас туурга тусгаарласан манай аймгийнхан 1935 оноос 1945 оны дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, цэрэг армийн ар талын өргөн шугаман дээр 10 жил ард цолтой “байлдагч” явсан. Дэлхийг нөмрөх фашизмын хар аюулыг зайлуулах хүн төрөлхтний шударга ариун үйлсэд Оросын ард түмний талд баттай зогсож, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтад” гэсэн уриан дор ажиллаж хөдөлмөрлөхийн үлгэр дууриалыг үзүүлж байсан. Ийнхүү дайн байлдааны аюул түгшүүр дор ачааны хүндийг өргөж дааж явсан, давж гарсан төдийгүй тухайн үеийн улс ардын аж ахуйн төлөвлөгөөт зорилтуудыг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилтаараа 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртсэн түүхтэй. Энэ нь нэгэн үеийн үнэлгээ, хойч үеийн бахархал, энх цагийн их бүтээн байгуулалтын дуудлага болжээ. Өнөөдөр Дорнодчууд төрийн хүндтэй шагналыг 70 гаруй жилийн завсарлагатай хүлээн авч, төрийн хошой одонт аймаг боллоо. Манай аймаг дэлхийн хоёрдугаар дайны дараах төлөвлөгөөт эдийн засгийн 50 шахам жилд эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэр, газар тариалангаар өргөжүүлэн шинэ шатанд гаргаж, боловсрол соёлын их дэвшилд хүрсэн. Энэ бол ард иргэдийн урт хугацааны их ажил, их хөдөлмөрийн үр дүн байлаа. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцооны 20 гаруй жилийн өнөөгийн хөгжил нь эрх чөлөөт иргэд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөж, санаснаа хийж бүтээх боломжтойг харуулж байна. Олон арван жилийн турш аймгийн мал сүрэг 1-1,2 сая толгойд хэлбэлзэж байсан бол одоо 1,7 сая толгой малтай боллоо. Зах зээлийн жилүүдэд хагас саяар нэмэгдэж малчин нэг өрхөд дунджаар 400 гаруй толгой мал оногдож байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 21 аймгаас 3 дугаарт эрэмбэлэгдэж, хүн амын өсөлт, эхийн эндэлгүйн үзүүлэлт болон боловсролын чанарын түвшингээр улсад тэргүүлж явна. Өрх гэрээ өрнүүлэх хос залуусын тоо жил тутам нэмэгдэж, Чойбалсан хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна. Талын хотод чандманьлах Адуунчулууны ил уурхай, Дулааны цахилгаан станц, Гурил тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн баялаг, өөрийн аймгаас давж, зэрэгцэн айлсах аймгийн төв, сумдыг хангаж, манай аймаг Зүүн бүсийн тулгуур төвийн үүргээ гүйцэтгэж ирэв. Эх орны зүүн хил хязгаарт орших Дорнод аймаг маань мөнхийн хоёр их хөрштэйгээ эдийн засаг, нийгмийн өргөн харилцааны үүд хаалгаар хөгжил дэвшлээ ахиулж байна. Дорнын уудам талаар өндөр хүчдэлийн шугам өртөөлж, бүх сумын төв, уул уурхайн суурингууд найдвартай эрчим хүч, хөгжлийн ундаргатай боллоо. Аймаг, сумын төвүүд их талдаа хаяа тэлж, хөх тэнгэртээ дээвэр туургаа өндөрсгөн дүр төрх өнгө зүсээ шинэчлэн, хөгжингүй улс орны хот тосгодтой ижилсэхээр тэмүүлж байна. Малчин иргэн ертөнцийг тольдон харж, дэлхийтэй харилцаж байна. Олон улсын түвшинд хүрсэн мэдлэг боловсролтой, дэлхийг багтаасан сэтгэлгээтэй, ажиллаж бүтээж чаддаг энэ зууны иргэн төлөвшиж байна. Энэ бол эрх чөлөөт иргэдийн бүтээлч хөдөлмөрийн бодит ололт юм. Нийгмийн тогтолцоо сэлгэсэн сүүлийн 70 гаруй жилд Дорнодчуудын олсон амжилт бүтээл, хөгжил дэвшлийг манай төр засаг өндрөөр үнэлэн өнөөдөр энэ эрхэм хүндтэй шагнал хүртээлээ. Төрийн дээд энэ шагнал, Дорнод аймаг 2016-2025 он хүртэлх хөгжлийн хэтийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх гарааны жилүүдэд тохиож байгаа нь манай зон олны ажил үйлс өөдрөг байхын бэлгэ дэмбэрэл, хөдөлмөрлөж бүтээхийн урам зориг, дэвшин хөгжихийн омогшил тэмүүллийг бидэнд өглөө. Аминаас илүү үнэтэй тусгаар тогтнолоо эрхэмлэж явахыг мөнхийн гэрээслэл болгон үлдээсэн, ардын хувьсгал, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Хэрлэн мөрний уугуул хүү маршал Хорлоогийн Чойбалсан, улс орноо хүн төрөлхтний нийтлэг жишиг замналаар хөгжүүлэх чин зорилгот, ардчилсан хувьсгалыг манлайлагч Дорнод нутгийн удамт хүү Санжаасүрэнгийн Зориг нарынхаа гэрээслэл, зорилгыг дээдлэн манай аймгийн ард иргэд ажиллаж, бүтээж, хөгжил дэвшилд хүрч чадахаа энэ тэмдэглэлт сайхан өдөр илэрхийлж байна” хэмээн гүн хүндэтгэлтэйгээр “Сүхбаатарын одон”-г аймгийнхаа туганд заллаа.
Ийнхүү Дорнод аймаг Хөвсгөл, Ховд, Орхон, Сэлэнгэ аймгуудын дараагаар “Сүхбаатарын одон”-т аймаг болсон түүхэн цаг үеийн гэрч Дорнодын ард түмэндээ сайн сайхныг хүсье.
Н.Мөнхсайхан
Сэтгэгдэл үлдээх