Улсын өмгөөлөгчөөс хэн туслалцаа авах вэ

2019-11-11 06:58:34 | 860 | 0


Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд маань өөрийн амьдарч байгаа сум,  дүүрэг,  аймгийнхаа  Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын  өмгөөлөгчөөс  үнэ  төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлүүлэх бүрэн боломжтой болсон байгаа юм.

Эрхэм уншигчдынхаа эрх зүйн мэдлэгт зориулж Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг танилцуулж байна. 

-Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа авахын тулд хаана хандах ёстой вэ?

-Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль  батлагдсанаар  Хууль  зүйн  туслалцааны  төв гэх төрийн байгууллага шинээр  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.

-Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн есөн  дүүрэг,  21  аймаг  болон  хүн  ам ихтэй зарим сумыг хамруулан нийт 33 салбартайгаар үйл  ажиллагаагаа  явуулж  байна.

-Тиймээс гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд өөрийн оршин суугаа сум, аймаг, дүүргийнхээ “Хууль зүйн туслалцааны төв”­-д хандаж хууль зүйн туслалцаа авах боломжтой болсон. Хэрэв амьдарч байгаа сумд нь энэ төвийн салбар байхгүй бол аймгийнхаа төвд байгаа Хууль зүйн  туслалцааны  төвд  хандах  буюу  эсвэл тус  төвийн  Улаанбаатар  хот  дахь захиргаа­нд хандаж болох юм.

Улсын өмгөөлөгч гэж хэн бэ?

Сонгон  шалгаруулалтын  үндсэн  дээр  Хууль  зүйн  туслалцааны  төвтэй  хөдөлмөрийн  гэрээ  байгуулан  ажиллаж,  цалин  хангамж  авч  байгаа  “Төлбөрийн  чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх” үндсэн үүрэг бүхий  өмгөөллийн  үйл  ажиллагаа  эрхлэх  зөвшөөрөлтэй, мэргэжлийн хуульчийг Улсын өмгөөлөгч гэж нэрлэж байна.  /Төлбөрийн  чадваргүй  иргэдэд  үзүүлэх  хууль  зүйн туслалцааны тухай хуулийн 3, 16 дугаар зүйл/

Улсын  өмгөөлөгч  нь  төлбөрийн  чадваргүй  яллагдагчаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй

Улсын  өмгөөлөгч  нь  төлбөрийн  чадваргүй  яллагдагчаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй бөгөөд үүнийг хуулиар  хориглосон  төдийгүй  давхар  ажил  эрхлэхийг  нь ч мөн хориглосон. Тэгэхээр Улсын өмгөөлөгч нь зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалахад  чиглэсэн  хууль зүйн  үйлчилгээг дагнан  эрхэлж  байгаагаараа  чанартай  сайн  үйлчилгээ үзүүлж үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой юм.

-Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан тохиолдолд хаана хандах вэ?

-Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан  эсвэл  өмгөөллийн  үйлчилгээ  үзүүлээгүй  буюу  зохих ёсоор үзүүлээгүй бол дараах журмын дагуу гомдолоо гаргаж шийдвэрлүүлнэ.

Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан тохиолдолд Эрх зүйн туслалцааны төвд гомдол гаргана.

Улсын өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй буюу зохих ёсоор үзүүлээгүй бол Хуульчдын холбоонд гомдол гаргана.

Харин Эрх  зүйн  туслалцааны  төвийн  үйл  ажиллагааны  талаарх гомдлыг  Хууль  зүйн  яаманд  гаргана.

 Хууль зүйн туслалцааны төвд хандаснаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа гэдэгт төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын  өмгөөлөгчөөс  үзүүлж  байгаа  хууль  зүйн  зөвлөгөө болон  өмгөөллийн  үйлчилгээг  ойлгоно.

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд маань өөрийн амьдарч байгаа сум,  дүүрэг,  аймгийнхаа  Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын  өмгөөлөгчөөс  үнэ  төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлүүлэх бүрэн боломжтой болсон байгаа юм.

Төлбөрийн  чадваргүй  яллагдагчид  хууль  зүйн  зөвлөгөө өгөх гэдэгт тухайн иргэний холбогдсон гэмт хэрэгтэй холбоотой бүхий л асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл  өгөх,  хууль  зүйн  ач  холбогдол  бүхий  баримт бичгийн  эх  боловсруулж  туслахыг ойлгоно.

Энгийнээр  хэлбэл,  төлбөрийн чадваргүй иргэд маань холбогдсон  гэмт  хэргийнхээ  нөхцөл шалтгааныг  үнэн  зөв  тогтоолгож шийдвэрлүүлэх  зорилгоор  өөрийн  зүгээс  хийж  хэрэгжүүлэх,  эсвэл  хийх шаардлагатай,  мөн  түүнчлэн  хийж  болох  үйлдэл,  үйл ажиллагааныхаа  талаар  зөвлөгөө  авах,  холбогдох  хууль тогтоомжийг  гаргуулах  буюу  эсвэл  хууль  тогтоомжийн зохицуулалтын талаар тайлбар мэдээлэл авах, шүүх, цагдаа, прокурорын  байгууллага,  албан  тушаалтанд  гаргах өргөдөл,  гомдол,  хүсэлтийнхээ  эхийг  боловсруулуулах зэрэг үйлчилгээг авч болно.

Н.Сувдаа

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна