Сар шинийн босгон дээр “Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн” гэсэн хүндтэй алдар цол хүртсэн, Улсын мастер дархан Ж.Пүрэвтэй ярилцлаа.
-Ажил амьдралын замналаасяриагаа эхлэх үү?
- Юуны өмнө Дундговьчууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье.Би бар жилтэй, далан насыг хол давж яваа жирийн л нэг дархан хүн. Улсад хөдөлмөрлөсөн жилүүдээ худалдааны байгууллагад нягтлан бодогч, эдийн засагч, багахан зиндааны дарга хийсээр ихэвчилсэн нэгэн дээ. Ерээд онд ардчилал эхэлснээр, ардчиллын ач буянаар өөрийн унаган авьяас, ур ухаанаар дархны ажлыг дагнан хийх эрх чөлөө, боломж олдсонд би их баяртай явдаг.
- Унаган авьяас, чадвар, ур ухаан гэдэг хэн хүнд тэр болгон заяадаггүй ховор нандин зүйл л дээ. Харин та тэр сайхан эрдэм чадлаа ард түмэндээ үлдэх өв эрдэнэ, үнэт зүйл болгож дээ?
- Монгол дархны урлал бол хувь хүний бүтээл ч гэлээ ард түмний үе дамжин нандигнан хадгалдаг үнэт зүйл юм. Тийм болохоор миний урлаж дархалсан эдлэл хэрэглэл хэн худалдан авч хэн эдлэж хэрэглэж байгаагаас үл хамааран ард түмний өв эрдэнэ болж үлдэнэ гэдэг утгаар нь сэтгэлээ шингээж, ур ухаанаа дайчлан хийдэг л дээ.
- Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” гэлцдэг. Дундговьдоо төдийгүй орон даяар “Уран Пүрэвийн хийц” гэж яригдах болж дээ. Энэ талаар тодруулвал?
- Миний хийц өөрийн гэсэн онцлог бий. Алт мөнгөн эдлэлдээ үнэт чулуу, үнэт урлал ч оролцуулах удаа бий. Ингэснээр иж бүрдэл бүтээл хийх боломж нээгддэг. Энэ хийцээрээ 1990 онд бүтээлийн патент авсан. Миний олон жилийн хөдөлмөрийг, ур чадварыг маань төр өндөр үнэлж “Соёлын гавьяат зүтгэлтэн” гэсэн том алдар цол хүртээлээ. “Уран Пүрэв” гэдэг нэрийг би дотроо их хүндэтгэлтэй бодож санаж явдаг юм. Энэ нэр албаны зарлиг тушаалаар биш ч ард түмний хүртээсэн алдар хүнд гэж бодохоор төрийн алдар цолоос дутахгүй санагддаг. Ер нь хөдөлмөрлөсний үр дүн гардаг юм байна, төр засаг ч шан харамжаа олгодог гэдгийг миний амьдрал харууллаа. Урлаж дархалсан бүхэндээ сэтгэлээ шингээж чанартай, уран гоё хийх зарчмыг насан турш баримталж ирсэн маань “Пүрэвийн хийц”-ийг бий болгож чадлаа. Миний хийсэн иж бүрдэл алт мөнгөн эдлэлүүд төр засгийн өндөр дээд хэмжээний үйлчилгээний зориулалтаар хэрэглэгдэж байгаа ч бий. Төр, Засгийн дээд түвшний сайд дарга нар, нэртэй том бизнесменүүд, нэр цуутай компаниуд захиалгаар хийлгэж авсан ч цөөнгүй. Одоо арав гаруй шавьтай боллоо. Тэдний дотор үр хүүхэд минь ч айна, нутаг усны сайхан залуус ч байна. Тэдэнд энэ ур ухаанаа хойч үедээ өвлүүлэхийг л зорьж “Алтат цагаан толгой” компанидаа уран, дархны газар байгуулан ажиллаж байгаа маань нэг ёсны шавь сургалтын газар болоод байна. Хөдөлмөрлөсний үр дүнд сайхан амьдрах нөхцөл ч бүрдэх юм. Хийсэн бүтээснээ хараад түүгээрээ бахархаж суух дархан хүний нэг аз жаргал юм шүү. Ард түмний маань буян хишиг над наалдаж дээ гэж бахархаж суух юм даа.
- Залуустаа захиж хэлэхэд хүн хичнээн хөдөлмөрлөвөл үр шимийг хүртэнэ, сайн сайхан амьдрана, алдар цол ч хүртэнэ. Цаг хугацаа гэдэг хамгийн үнэтэй. Цагийг үр бүтээлтэй ашиглан хөдөлмөрлөж чадвал амжилт бүтээл, алдар нэр аяндаа ирнэ гэдгийг дахин хэлье.
- За баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх