МУБИС-ийн философи, нийгэм судлалын багш, философич, Дундговь аймгийн МоАХ-ны анхны зохицуулагч, УИХ-ын гишүүн асан Жамъянгийн Отгонбаяртай ярилцлаа. “Домгийн сэтгэлгээ бол хүн төрөлхтөний уугуул сэтгэлгээ юм” гэсэн агуулгын хүрээнд бидний яриа өрнөсөн юм.
Домгийн сэтгэлгээ хүн төрөлхтөний язгуур соёлыг тээдэг
-Тантай уулзах бэлтгэл хийж уншсан зүйлээсээ домог бол хийсвэр зүйл биш өмнөх амьдралын туршлага, бодит юм байна гэсэн ойлголтыг авлаа. Домог, домгийн сэтгэлгээний үнэ цэнийн тухайд яриагаа эхлэх үү?
-Домгийг аман зохиолын хэлбэр гэдэг байдлаар манай уламжлалт соёл судлал үзэж ирлээ л дээ. Харин 1990 оноос хойш домгийг үзэх хэлбэр өөр болсон. Ер нь дэлхий дэлхинд их өөрөөр харж эхэлсэн. Домгийг шинээр судлах шаардлага юу байсан бэ гэхээр нэгдүгээрт манай уламжлалт соёлд домог онолын тайлбар их багатай байсан. Онолын тайлбар багатай байна гэдэг бол гээгдэж, хаягдах магадлал өндөртэй. Манайхан цээжээ дэлдээд сайхан юм гэж магтдаг, тэгсэн мөртлөө тайлбар онолыг нь хийдэггүй нэг сул талтай. Хоёрдугаарт, хүн төрөлхтөнхий сэтгэлгээ хэрхэн бий болоод, одоо ямар янзтай байгаа юм бэ, бидний мэдлэг яагаад ийм гүехэн, нийгэм мэдлэгийг яагаад ашиглаж чадахгүй байна вэ гэх мэтийг бодох шаардлагатай. Энэ мэтээс үүдсээр хүн төрөлхтөний язгуур сэтгэлгээ яаж төлөвшсөн бэ гэдгийг харах шаардлага байгаа юм. Дараагийн шаардлага нь бид феодализмийн үлдэгдэл гэж үзээд уламжлалт соёлдоо их хүйтэн цэвдэг хандсан юм шүү дээ. Тиймээс 1980-аад он хүртэл домгийн талаар тусгайлан судалсан ном зохиол тун ховор байдаг. Аман зохиол маягаар л явж ирснээс цаашгүй. Домгийн сэтгэлгээ үеэ өнгөрөөсөн, хэрэггүй зүйл гэж нэг хэсэг нь ярьдаг. Гэтэл өнөөгийн хүмүүсийн ярьдаг нэг сэдэв бол сүсэг бишрэлийн асуудал. Манайх их сүсэгжингүй байгаа нийгэм шүү дээ. Үүнийг би үгүйсгэж байгаа юм биш. Сүсэг бишрэл байх ёстой. Гэхдээ сөрөг тал нь даваймгайлах маягтай, цуурхалд их автамхай, бөөжих хандлагатай байна. Энэ бүхэнд тайлбар өгөх ёстой юм. Тайлбар өгөх эцсийн юм нь явж явж домгийн сэтгэлгээ, түүний өмнөх үеийн илбэ домын сэтгэлгээнээс гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, домог, домгийн сэтгэлгээ гэдэг бол үеээ өнгөрөөсөн биш. Өнөөдрийн бидний сэтгэлгээтэй зэрэгцэн оршиж байгаа зүйл. Тэр дундаа манай монголчууд, нүүдэлчид харьцангуй домгийн сэтгэлгээ давамгай. Уг нь шинжлэх ухаанч сэтгэлгээ өнгөрсөн 70 жилд тогтсон. Гэхдээ тэр нь их өнгөцхөн. Яагаад тэр вэ гэхээр шинжлэх ухаанч гэхээсээ илүү үзэл сурталжсан сэтгэлгээ байсан. Учир нь шинжлэх ухааныг нь нам төрөөс төлөвлөж, зааж, хянадаг, намын даалгаврын дагуу шинжлэх ухаан хөгждөг байлаа. Энэ бүхнээс үүдээд домгийн сэтгэлгээг зайлшгүй судлах шаардлагатай болсон.
-Домог бидэнд хэр бүрэн бүтнээрээ ирсэн юм бол?
-Одоо бол бид тасархай зураг шиг ганц нэг домог мэддэг. Хуучин бол домог үүсэхдээ нэг цул байсан. Аж амьдрал, хууль, хэм хэмжээ, ёс суртахуун гээд хүн төрөлхтөний бүхий л амьдрал домог дотроо байсан. С.Дулам багш энэ тухай бичсэн байдаг. “Домог түүхэн урт хугацааг туулж ирсэн учраас цаг түүхийн өнгө аясийг тээсэн, холилдож сүлэлдсэн, гээгдсэн, яг газрын үе давхарга шиг болж хувирсан. Тиймээс хүн анхны утгыг нь ойлгоход түвэгтэй болсон” гэж. Тэгж урт хугацааг туулж, цаг түүхийн өнгө аясыг авсан хэрнээ өнөөг хүртэл яригдаад байгаа учир юунд байна вэ. Домгийн сэтгэлгээний онцлогыг маш хураангуй хэлэхэд, домгийн сэтгэлгээний өмнө илбэ домын сэтгэлгээ байсан. Энэ бол ертөнц сүнстэй, ертөнцийг онгод сүнс захирч, лус савдаг нь эзэгнэдэг гэдэг сэтгэлгээ байсан. Домгийн сэтгэлгээ бол домгийн бурхад ертөнцийг захирдаг гэж ойлгодог. Санаж байна уу. Эртний Грекийн бурхад Олимп ууланд чуулж, захирамж тушаалаа гаргадаг даа. Эсвэл манай 99 тэнгэр ч гэдэг юм уу. Энэ сэтгэлгээ яваандаа задарч өөрчлөгдсөн.
-Сэтгэлгээний анхдагч хэлбэр нь домгийн сэтгэлгээ байжээ. Одоо хүн төрөлхтөний сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Сайржрах, дэвших гэдэг сонирхолтой асуулт л даа. Бид диаликтик онолтой байсан учраас аливааг хөгжүүлнэ, түргэсгэнэ урагшилна гэж л их ярьдаг байж. Хуучнаа үгүйсгэнэ, шинийг байгуулна гэдэг зүйл их ярьдаг байсан. Тогтвортой байх харилцааг бид их бага бодож л дээ. Даравч далдайна гэдэгчлэн домгийн сэтгэлгээг үгүй хийх гээд яагаад ч чадахгүй. Тийм ч боломжгүй. Учир нь домгийн сэтгэлгээ хүн төрөлхтөний язгуур соёлыг тээж явдаг зүйл. Үүнийг хэрэглэх гээд байгаадаа гол нь биш. Цаашдаа сэтгэлгээний мөн чанарыг таньж авахад л онцгой чухал юм. Дээр хэлсэнчлэн домгийн сэтгэлгээнээс өмнө сэтгэлгээний өөр нэг хэв маяг байсан. Тэр нь илбэ домын сэтгэлгээ. Энэ хоёр хоорондоо нэлээд өөр. Илбэ домын сэтгэлгээг бол өнөөгийн дэлгэрээд байгаа бөө гэх мэт сүсэг бишрэлтэй тун их төстэй. Зарим нь домгийн сэтгэлгээ чинь шашны сэтгэлгээ шүү дээ гэдэг. Үгүй. Шашны сэтгэлгээ бол бид нэг бурхантай гэж үздэг. Энэ бол домгийн сэтгэлгээнээс өөр. Хөгжил гэдэг ойлголтыг хүний амьдрах боломж чадвар нэмэгдэж байгаагаас харах юм бол түүнийг дагасан рациональ буюу шинжлэх ухаанч сэтгэлгээ хөгжсөн. Гэхдээ шинжлэх ухаан хэчнээн хөгжсөн ч гэсэн домгийн сэтгэлгээ гээгдэхгүй байгаад л хамгийн гол учир байгаа юм. Дэлхийн олон судлаачдын тайлбарлаж байгаагаар домгийн сэтгэлгээн дотор хүн төрөлхтөний бүх код түлхүүр байна. Түүнийг тайлах нь их чухал юм гэдэг. Тэгэхээр сэтгэлгээний төвшинд хөгжил дэвшил гарсан нь үнэн. Гэхдээ бүгдийг нь нэг шалгуураар шалгах боломж байхгүй. Шинжлэх ухаанч сэтгэлгээ хамгийн илүү нь гэж ярих боломжгүй. Өнөөгийн дэлхий ертөнцийн доройтол шинжлэх ухаанч сэтгэлгээний үр дагавар шүү дээ. Энэ бол рациональ, техникч сэтгэлгээ давамгайлсны үр дагавар. Үүнийг зөв барьж, ёс суртахуунлаг байлгадаг зүйл бол домгийн сэтгэлгээ. “Аливааг энэрч хайрладаг сэтгэлгээ маань “Цуутын цагаагч гүү”-ний өгсөн хүмүүжил” гэж С.Дулам багш хэлсэн байсан. Нээрээ л монголчууд мал амьтныг хайрлах өвөрмөц сайхан сэтгэлгээтэй байсан. Одоо Монголд хоёр иргэншил бий болчихлоо. Заримдаа хоорондоо зөрчилдөх ч маягтай. Ялангуяа суурьшмал иргэншлийнхэн хөдөөг жаахан адлах, язгуур соёлоо үгүйсгэх маягтай байдаг. Үүний асуудал нь бидний ч биш дэлхийн хэмжээнд их хурц тавигдаад байгаа. Нүүдэлчин иргэншлийг хоцрогдол гэж үзэх үү, хоцрогдсон нь гавьяа гэж үзэх үү. Хүн хүмүүжилтэй байх нь чухал уу, хөгжилтэй байх нь чухал уу. Энэ талаар нэг сэтгүүлч яст мэлхийгээр жишээ авч бичсэн байсан даа. Яст мэлхий 200 сая жил амьдарч байгаа. Харин оюун ухаант хүн үүсээд цаад талдаа 100 мянга, наад талдаа 40 мянган жил боллоо. Энэ хооронд юу болов. Өөрийгөө хөнөөх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр хөгжих нь дээр байна уу, оршин тогтнох нь дээр байна уу. Нөгөө Гамлетийн “Орших уу, эс орших уу” гэдэг асуудал шууд тавигдаад байгаа юм.
Өнөөгийн нийгэм хөрөнгөлөг байх тусмаа ёс суртахуун нь хэврэг байна
-Тэгэхээр дан ганц шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хүний сэтгэлгээний хөгжлийг тодорхойлж болохгүй гэсэн үг үү?
-Сэтгэлгээнд хоёр хэв маягийг их тэнцвэртэй авч үзэх ёстой юм. Нэг нь зүүн тархинд суурилсан логик буюу техник сэтгэлгээ. Нөгөө нь хүний баруун тархины эерүү зөөлөн, хүмүүнлэг, ёс суртанхуунлаг талын сэтгэлгээ. Энэ хоёрын огтлолцлыг их зөв барихгүй бол зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшүүлнэ гэдэг хуурай бөгөөд амьдрал дээр буухдаа их харгис зүйл байгаа байхгүй юу. Хэрэглээний нийгэм илүү их хэрэглээг шаарддаг. Энэ хэрэглээ хөрөнгийг бий болгож байгаа. Зөв. Бид тийм нийгмийг тунхагласан юм чинь. Гэхдээ энэ нь хүнийг хэр ёс суртахуунтай болгож байна вэ. Хэврэг байгаа шүү дээ. Өнөөгийн нийгэмд хөрөнгөлөг байх тусмаа ёстой суртахуун нь хэврэг байна. Далай лам нэг ярилцлагадаа “Америкийн хөрөнгөтөнгүүд өөрөө их ёс суртахуунгүй болж байна” гэж хэлсэн байна лээ. Хөрөнгө хэзээ өөрөө хөрөнгө юм бэ. Ёс суртахуунтай үедээ. Ёс суртахуун сэтгэлгээгээр илэрнэ биз дээ. Өдгөө бид шинжлэх ухаан, философи номлож байна. Үүний биет илрэл нь ёс суртахуун л байгаа юм. Өөр юу ч биш. Оюуны хүмүүжил гэдэг бол онцгой үнэ цэнтэй зүйл. Материаллаг баялаг хэрэглэх тусам дуусна, ёс суртахууны баялаг хэрэглэх тусам баяжиж, үр үндсээ өгдөг зүйл. Монголчууд ч хэлдэг биз дээ. Номыг нь сурахгүй бол номхоныг нь сурна шүү гэж. Дундад зууны монголчуудын сэтгэлгээ шинжлэх ухаанч байсан гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийд сүпер импер гүрэн байгуулсан улс шүү дээ. Өнөөдөр АНУ, Хятад гээд сүпер гүрнүүдийн тухай ярьж байна. Ийм гүрнийг монголчууд XIII зуунд байгуулсан. Сэтгэлгээ нь ямар төвшинд байсан бэ. Домгийн сэтгэлгээтэй байсан. 99 тэнгэртэй, бөө шүтсэн, мундаг зохион байгуулалттай, тийм л гүрэн байсан шүү дээ. Тиймээс домгийн сэтгэглгээг соёл судлал талаас нь сэтгэлгээний дэвсгэр гэдэг утгаар ярих нь зүйтэй.
-Өнөөгийн нийгмийн сэтгэлзүйг хэдхэн зүйл авч явж байгаа тухай та ярьж байсан. Тэр болгонд дагаж савлаж байгаа нь нийтийн боловсролтой холбоотой биз дээ?
-Орчин үеийн нийгэм цуурхалд ийм автамхай байж болохгүй шүү дээ. Дээд мэргэжил эзэмшсэн, инженерийн сэтгэлгээтэй, байгалийн ухааны мэргэжилтэй хүмүүс дэлхий сөнөлөө гэнгүүт дагаж ханарч байна гэдэг юу гэсэн үг вэ. 2004 оны сонгуулийн үед динозавр явж байна гэж цуурсан, 2008 онд газар хөдлөх нь гэж цуурсан. Улс төрийн тогтворгүй, савлагаа ихтэй байгаа үед ийм цуурхал их нөлөөлдөг. Яагаад вэ гэхээр монголчуудад тогтсон үнэмлэмж гэж алга. Өмнө нь өмчтэй байж болохгүй байсан бол одоо өмчгүй байж болохгүй болсон гэх мэт шинэ хуучин үнэмлэмжийн зааг дээр байгаа. Шинэ үнэлэмж бүрэн тогтож, хүнд баттай итгэл болж чадаагүй байна. Жишээ нь өнөөдөр бид зах зээлийн нийгэмд байна уу үгүй, юу. Төрийн бодлогыг харахаар зах зээл рүү яв гээд байгаа боловч, гаргаж байгаа хууль тогтоомжууд нь энэ болохгүй, тэр болохгүй, бас болохгүй гээд байгаа юу гэж ойлгох вэ. Тиймээс өдгөө хүн хоёр хөл дээрээ биш нэг хөл дээрээ зах зээл дээр зогсч байна.
Одоо Монголыг хэн удирдаж байна вэ. Сайн муу нь хамаагүй, өндөр албан тушаал дээр байгаа нэг улстөрч, түүний амнаас гарсан үг үзэгний үзүүрээр дамжаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, тэр нь гудамжаар тарж энэ нийгмийг залж байна шүү дээ. Дэлхий угаасаа ийм байгаа. Гэхдээ манай нийгэм харьцангуй амар тайван сайхан л даа. Тэгэхдээ хүмүүс өөрсдөө амьдрах ёстой гэдгийг нь ойлгуулж өгөхгүй бол “Жаахан хүлээж бай. Удахгүй Оюутолгойгоос мөнгө өгнө тэгэхээр сайхан амьдраарай” гэх мэтээр төр надад өгөх ёстой гэдэг үзэл хүмүүсийг их баримжаагүйтүүлж байгаа юм. Элдэв янзын илбэ шидэнд төр нь өөрөө итгэчихсэн явсан үе ч манайд бий. Социализмийн үед бидний эзэмшсэн мэргэжлийн нэг хэсэг нь гүехэн байсан нь үүгээр шалгагдаж байна. Нэг ёсондоо хүмүүсийнхээ ертөнцийг үзэх үзлийг баттай төлөвшүүлж чадаагүй. Домгийн сэтгэлгээ бол ертөнцийг үзэх үзлийн нэг хэлбэр байгаа юм. Бид ертөнцийг шинжлэх ухаанч сэтгэлгээгээр Галилей, Коперник гэх мэт суутнуудын нээснээр яриад байгаа мөртлөө дэлхий сөнөлөө гэнгүүт гараад гүйж байна гэдэг яагаад ч авцалдахгүй байгаа биз дээ.
-Өдгөө мэдлэгийн үнэлэмж тогтворгүйгээс домгийн сэтгэлгээ буруугаар илэрч гараад байна гэсэн үг үү?
-Домгийн сэтгэлгээ хүнд хадгалагдаад л байж байдаг. Хүний итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл дотоод ертөнцөд эрэмбэлэгдэж байдаг. Дээд баримжаа нуран унахад хүний итгэл үнэмшил доод шатандаа бууна. Тэр нурвал дахиад доод шатандаа бууна. Шинжлэх ухаанч сэтгэлгээгүй хүн бол өдөр тутмынхаа сэтгэлгээгээр л сэтгэнэ шүү дээ. Жишээ хэлье. 1990 онд бид коммунизм байгуулна, төлөвлөгөөгөө биелүүлнэ, гэрэлт ирээдүй рүү явж байна гэж байсан. Гэтэл 1990 оноос хойш чиглэл байхгүй болсон. Тэгээд ард түмэн шоконд орсон шүү дээ. АНУ-тай, Японтой нөхөрлөнө гэнгүүт гайхна биз дээ. Өчигдөрхөн милитарист Япон гээд хараагаад нулимчихсан. Юун Америк. Араа шүдээ хүртэл зэвсэглэсэн, импералист дайснууд. Ингээд монголчууд баримжаагаа аймшигтай алдсан шүү дээ. Дээд талд байсан ертөнцийг үзэх үзэл алдарчихаар итгэл үнэмшил хаана буусан гээч. Надад бүр тодорхой харагддаг юм шдээ. Бид 1920-иод оноос марксист үзэл суртлыг авч явсан шүү дээ. Өнөө үзэл суртал байхгүй болонгуут яг тэр 1920 оныхоо төвшинд очсон. 1920 онд монголчууд ямар байсан гээч. Дэлхий дундад зууныг XVII зуунд халсан бол монгол ХХ зуунд XVII зуунтайгаа орж ирсэн. Шашин сүсэгтээ баригдчихсан, бүр сөрөг утгаараа баригдчихсан байсан тэр үедээ очсон. Нэг ёсондоо монголчууд анхны хөрсөн дээрээ буусан. Тэгээд 1990 онд баахан илбэ жатга, Өнөрмөө, үзмэрч, хар гаригийн хүнтэй харьцдаг хүн гарч ирсэн. Түүнд итгэж эхэлсэн. 1990 онд ийм юм болсон шүү дээ. Өглөө нь залуу гэр бүл хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд гэрээсээ гарсан. Цэцэрлэг хаалттай. Нөхөр ажилдаа явтал үйлдвэр нь хаалттай. Долоо хоног ажил хийхгүй сайхан байлаа. Гэтэл мөнгө байхгүй. Хайртай бүхэн нь нүдэн дээр чинь хэцүү байдалд ороход зүгээр байна гэж үү. Маш их шоконд орсон. Гутрал гуниг, харуусал. Ингэж явсаар нэг хэсэг нь байр байдлаа эргээд олсон. Харин нэг хэсэг нь орж чадаагүй, архинд орсон. Тэд тэргүүн зэргийн сэхээтнүүд байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр сэтгэлгээ баримжаагүйтсэний илрэл. Тэднийг гаднаас нь бол өөдгүй муу амьтан архи уугаад гэдэг. Үнэндээ дотоод ертөнцдөө гутарчихсан байсан. Энэ бол манай улс дорой учраас тэгсэн юм биш. Хүн сэтгэлзүйтэй амьтан учраас, хүнд домгийн сэтгэлгээ тээгдэж байдаг учраас тэр. Есдүгээр сарын 11-нд АНУ-д хоёр өндрийг хөнөөсөн шүү дээ. Тэгэхэд Манхеттений ойр хавьд болсон уур амьсгалын талаар сонин хэвлэлээр их бичив дээ. Яасан гээч, архи байхгүй болтлоо борлогдсон. Учир нь хүмүүс айсан байсан. Эрүүл ухаан дээрээ айдсыг мэдэрнэ гэдэг бол амьдын там. Энэ бол гутарснаас болж баримжаа алдаж байгаагийнх. Бас нэг жишээ. 2008 оны Олимпоор манайх Олимпийн аваргатай болсон. Булган аймгийн Сайхан сумынхан архигүй болтлоо архидацгаасан. Манай төрийн удирдлагууд ч гэсэн төв талбай дээрээ архидаа биз дээ. Энэ мэт ард түмэн баримжаагүй болчихоод байгаагийн нэг илрэл нь энэ архидалт. 1990-ээд оны эхэнд хотод юу л байна, баар байсан шүү дээ.
-Илбэ домын сэтгэлгээ, домгийн сэтгэлгээ хоёрыг ялгаж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Бүх сэтгэлгээ хүмүүнлэг, бүгд эерэг үүрэг гүйцэтгэсэн. Эртний хүмүүсийн сэтгэлгээ ямар ч байсан хамаагүй, гол нь өнөөгийн сэтгэлгээ бий болох үндэс нь л байсан. Тэр сэтгэлгээ байгаагүй бол өнөөгийн нийгэм байхгүй. Эртний сэтгэлгээг өнөөгийн үнэмлэмжээр шүүж болохгүй төдийгүй өнөөгийн нийгмийн үнэлэмжээр бусад соёлыг бас шүүж болохгүй. Хүнийг чулуугаар цохиж алдаг Шариатын ёсыг бид шүүх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг соёл нөгөөхөө шүүх эрх байхгүй. Ийм хуультай.
Сэтгэлгээ бол үнэн худал хоёр ээлжилсэн нэхээс. Мэдлэг ялгаагүй. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг бол 100 хувь үнэнийг ярьж байгаа зүйл огт биш. Үнэн худал хоёрын нэхээс. Нэгийг нь худлаа гээд цувих юм бол үнэн гэдэг зүйл оршин тогтнохгүй. Тэгэхээр бид мэдлэгтэй харьцдаг сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй. Мэдлэг гэдэг бол алдаа заадаг зүйл. Түүн доторхи алдааг түүж авах нь мэдлэгийг арвижуулж байгаа болохоос биш нэг ном байсныг хоёр болгоод дундаас нь гуравдахыг нь хуулж гаргахыг мэдлэг арвижих гэж хэлэхгүй. Манай Монголд юу болж байна вэ. Докторын зэргийг зай завсаргүй хамгаалж байна. Үр дүн нь юу вэ. Үүгээрээ үнэхээр шинжлэх ухааныг хөгжүүлж байгаа бол багтаж шингэхгүй их шинжлэх ухаан байх ёстой шүү дээ. Ерөөсөө манайх доктор Монгол болсон. Ингэхээр бид мэдлэг гэдэг зүйлийн мөн чанарыг ойлгох ёстой. Мэдлэг хоорондоо системчлэгдсэн үедээ л бат мэдлэг болно уу гэхээс биш нэг нэгээрээ байгаа үедээ бол цуурхалд автахгүй яах юм бэ. Хамгаалалт болж чадахгүй шүү дээ.
Хүний сэтгэлд логикт захирагддаггүй агуу их хүч байдаг. Тэр л хүнийг хөдөлгөөд байгаа юм шүү дээ
-Домгийн сэтгэлгээ монголчуудад их байдаг гэж байна. Түүнийг давуу тал гэж харах гэтэл манайхан сөрөг талаас нь гаргаж ирээд байна гэж байна. Тэгэхээр яах ёстой юм бэ?
-Домгийн сэтгэлгээ монголчуудыг аварна гэж би ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. Домгийн сэтгэлгээнд эерэг үнэлэмж, үнэ цэнтэй зүйл байгаа юм. Хэт техникжсэн, ашиг хонжоо хөөцөлдсөн сэтгэхгүйг хазаарлаж, эргэцүүлдэг сэтгэлгээ гэж хэлэх гээд байна. Энэ бол зөвхөн домгийнход ч биш шашны болон бусад ёс суртахууны хэм хэмжээг тогтоодог сэтгэлгээнүүдэд бий. Тэгэхээр хоёр зүйлийг тод ялгах хэрэгтэй. Сүсэг бишрэл, мухар сүсэг хоёрыг. Сүсэг бишрэл гэдэг бол эерэг үнэлэмж. Харин мухар сүсэг яаж гарч ирээд байна вэ гэхээр үеэ өнгөрөөсөн, өнөөдөр үүрэггүй болсон зүйлийг буцаан сэргээж байгаа явдал нь яах аргагүй сөрөг үр дагавартай болчихоод байгаа юм.
Эртний хүмүүс ичсэндээ үхдэг байсан. Хааны юманд хүрж болохгүй гэсэн ёс байна л даа. Гэтэл хааны үлдээсэн хоолыг дайнд ялаад ирсэн баатар эр мэдэлгүй идчихэж. Наадах чинь хааны хоол байсан гэнгүүт нөгөө эр цочирдоод татранги тусаад үхдэг. Одоо бол ичиж үхэх шахлаа гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ үхдэггүй. Ичих нүүрэнд нь элэг наалдсан юм чинь. Тухайн үед сэтгэлзүй нь тийм мэдрэмтгий, үг үйлдэл хоёр нь нэг байсан. Одоогийнх шиг тоглосон юм гэхийг ойлгохгүй. Биет сэтгэлгээтэй байсан. Бид бол одоо ярих гэж хулхидаж сурсан байна шүү дээ.
Өдгөө бид түүхэндээ зөв үнэмлэмжтэй хандмаар байгаа юм. Түүхийн алдаа оноо гэж шүүсэн улсууд байх юм. Түүний оронд монгол түмний сэтгэлгээний онол нь сэргээгдэж хадгалагдах ёстой. Одоо бидэнд тайлбарлагдаагүй байгаа энэ их соёлоо тайлбарлах ёстой. Тэгэх битгий хэл устгачихаад 1980-аад оноос домгоо эргэж сэргээсэн шүү дээ. Домог одоо цуглуулгын төвшинд байгаа. Тайлбар хийгдээгүй. Тайлбарлах гэхээр хоёр зовлон бий. Нэг нь их гээгдэж хаягдсан, хоёрдугаарт, аргазүй нь хуучны марксистаараа. Түүгээр тайлбарлагдахгүй байхгүй юу. Иррациональ зүйл рациональ зүйлээр тайлбарлагдахгүй. Хүний сэтгэлд логикт захирагддаггүй агуу их хүч байдаг. Тэр л хүнийг хөдөлгөөд байгаа юм шүү дээ. Ухамсар гэдэг бол сэтгэцийн үзэгдлийг мөсөн уул гэвэл зөвхөн орой нь гэж Фройд тайлбарласан биз дээ.
-Сэтгэлгээг цэврээр нь авч үлдэх хэцүү байх л даа. Жишээ нь бид түрүү үеийнхэн шиг ичсэндээ үхэж чадахаасаа өнгөрсөн. Тэгэхээр яаж тэр сайн сайхан талаа авч үлдэх ёстой юм бол?
-Эртний ёсыг сэргээх гэж байгаадаа биш судалгаагаар тийм байжээ гэдгийг тогтоох нь соёл судлалын ач холбогдолтой. Яаж авч үлдэх вэ гэж байна. Асуудал нь домгийг авч үлдэх гээд байгаадаа биш. Домгийн нэг хэсэг нь хүссэн ч эс хүссэн ч бидний ахуйн хэрэглээ болоод янз бүрийн хэлбэрт шилжээд ирж байгаа юм. Жишээ нь Эдип хааны жүжиг бол анх ийм домог байсан. Энэ домог явсаар байгаад одоо бүр шинжлэх ухааны тусгай нэр томъёо болтлоо судлагдаж байна. Шинжлэх ухаан төдийгүй шашин, философийн хэмжээнд “Эдипийн комплекс”, “Эдипийн гурвалжин” гэх мэт нэршил тогтчихлоо. Манайх бол домгоо өөрийн урлаг соёлд бас шингээсэн. Жишээ нь хээ угалз. Хаан бугуйвч хатан сүйх хээ л гэхэд айл гэр амар төвшин байхыг бэлгэдсэн ч гэдэг юм уу. Биет соёл болоод хоногшсон. Тоононд байдаг очир хээг бид одоо бэлгэдлийг нь тэр болгон мэдэхгүй. Хуучин цагт хөдөөгийн хүмүүс очирыг нүүдлээрээ он тавина гээд өвөртлөөд явдаг байсан. Буух газраа очоод унжуулна. Савалж байх юм бол тэнд соронзон гүйдэлтэй байна, гэрээ барьж болохгүй нь гэдэг байсан. Энэ мэт бүгд цаанаа нарийн утгатай. Бас аман яриагаар их дамжсан. Жишээ нь малын дэргэд янз бүрийн хараал, өвчин хэлэх, чонын тухай ярихыг цээрлэдэг. Нэг ёсондоо чонын нэрийг хэлснээрээ нааш ир гэж байгаатай адил гэж үздэг. Учир нь нэр бол тухайн биеийн салшгүй хэсэг гэдэг. Яагаад малгайн дээр гишгэдэггүй, дээлийн зах уруу нь харуулж тавьдаггүй вэ. Энэ бүх ёс бол санамсаргүй зүйл биш. Үнэн юм.
Бор шувуу бөөнөөрөө суухаар хүйтрэх нь ээ гэдэг. Тэд бөөнөөрөө суух нь цаг агаартай ямар учир шалтгаантайг бид мэдэхгүй. Гэхдээ л бидэнд ийм бэлэн мэдлэг уламжлагдсан. Үүнийг мэдлэг биш гэх үү. Нүүдэлчин улс чинь тэр болгон хоригийг ямар учиртайг нь тайлбарлаад явах зав алга байлаа шүү дэ.э. Тиймээс товчхондоо “Болохгүй нүгэл” гээд л бол оо. Бор шувуу тийм юмнаас болж цаг агаарыг мэддэг юм билээ гэж шинжлэх ухаан бодвол тайлбарлах л байлгүй. Монгол хүн өөрөө шинжээч хүн байсан шиг байгаа юм. Л.Түдэв гуайн “Монгол шинжээч” гэж ном байдаг даа. Тэнд гадаадын хүмүүс монгол өвгөнийд ирсэн тухай өгүүлдэг. Өвгөн өнөөдөр тэнгэр муухайрах нь байна шүү гэтэл нөгөөдүүл нь тоглоом болгоод өнгөрч. Тэнгэр үнэхээр муухайрсан. Та яаж мэдсэн бэ гэтэл “Миний морины үс жаахан бүрзгэрдүү байсан. Маргааш харин дулаан байх нь” гэтэл “Яасан таны морь тэгж хэлээд байна уу” гэтэл “Үгүй ээ ургамал салхинд хийсч байгаа байдлаар нь хэлж байна” гэх мэт. Энэ мэт монгол хүн бол байгалийг шууд уншдаг байсан. Орон зайн сэтгэлгээтэй, их уужим хүмүүс байсан. Мал хуйдаа явж байхдаа тэд юу эсэхийг бясалгах вэ дээ, тийм ээ. Суурин иргэншил бол энийгээ яах вэ, тэрийг яах вэ гэж амьдралдаа зай завсаргүй түүртсэн маягтай. Тэгэхээр ямар ч тохиолдолд амар амгалан байж цээлхэн ухаанаар аливаад ханддаг байх хэрэгтэй. Өнөөдөр бид нэг их уурлаж бухимдсан, хэг ёг хийсэн, юм л бол дүрсхийсэн хүмүүс байгаа нь стресс ихтэй байгааг харуулж байна. Гэтэл хөдөөгийн өвгөн энд ирээд тэгж байна уу. Тэнд тамхиа нэрээд тайван сууж л байгаа биз дээ. Тэр жил би Дундговиос наашаа машинаар ирлээ. Бидэнтэй хамт нутгийн нэг малчин өвгөн явсан. Тэр хүн нэг цувтай, ундааны саванд тал дундуур хар цай аваад гарсан байсан. Тухайн үед машины дугуй их муу. Халуунд жаахан яваад л хагарна, өдөржин явлаа. Сүүлдээ бороо орлоо. Өнөө өвгөн ч яахав цуваа гаргаад суучих юм. Хүмүүс цангаж байгаа бололтой, өнөө өвгөн цайгаа гаргаад балгачих юм. Тэгээд хэлж байгаа юм. “Малын эрэлд гурван хоног хоолгүй явж байлаа. Өглөө малд гарсан хүн орой өлсч үхсэн гэж сонсоогүй биз дээ” гэж хэлж байсан. Одоо бол бид цай нь жаахан холдвол уурлаад л, хоолоо голоод яаж байна. Үндсэн ярианаасаа жаахан холдчихлоо. Ямар ч гэсэн дэлхийн хүн төрөлхтөн домгийг бол халаагүй. Үр хүүхэддээ ярьж өгдөг, ид фонтазалдаг сэтгэлгээг нь хөөргөж, тэлж өгдөг нь хэвээр байгаа. Хүүхдийн сэтгэлгээ домгийн сэтгэлгээ хоорондоо заяамал. Хүн төрөлхтөний бага нас хүүхдийн бага настай давтагддаг гэж дээр хэлсэн шүү дээ. Домгийн сэтгэлгээ бол судалгааны обьект, хэрэглээний агуулгынхаа хувьд ч хэзээ ч хуучрахгүй.
-Энэ чиглэлээр дагнан судалдаг эрдэмтэд хэр олон байдаг бол?
-Бий бий. Академич Цэрэнсодном гуай, Дулам доктор, түүний олон шавь нар байна. Угсаатны зүй судлалын хүмүүс байна. Монголчуудын хувьд нүүдэлчний соёлыг дагаад өвөрмөцөөр тогтсон сэтгэлгээ. Өрнөнийнхөн шашин руугаа бүх домгоо оруулсан. Манайд бол амьд хэрэглээнд яваад байсан. Б.Ренчин гуай хэлсэн байдаг. Өрнийг судалъя гэвэл “Библ”-ийг сайн судал гэж. Францын философи бол дэлхийд оюуны хамгийн оргил нь. Тэд Постмодернизмыг гаргаж ирсэн. Түүний өмнө нь Сартр, Камюгийн экзистенциал уран зохиол гэж ярьдаг шүү дээ. Тэд бүгд домогт тулгуурлаж онолоо гаргасан. Бидний улстөрд ярьж байгаа зүйл чинь домогтой жигтэйхэн адилхан. Гитлер ХХ зууны домгийг зохиосон. Сонгуулийн үед цуурхал тараадаг гэдэг нь домог бол шинэ маягаараа сэргээгдэж гарч ирдгийг харуулж байна. Одоо улстөрчдийн домог л их байх шиг байна даа.
Сэтгэгдэл үлдээх