БУРИАД ЗОНЫ НУТГААР...

2014-12-10 16:28:04 | 1264 | 0


            Монгол улсаас Улаан-Үд хотод суугаа ерөнхий консулын газар. Хотын төв хэсэгт эрхэмсэг гэгч нь орших өвөрмөц хийцийн дөрвөн давхар харш.  Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг өндөрт мандуулсан энэ харш бүхий хашааны хаалгаар алхвал Монгол улсын нутаг дэвсгэр гэнэ.  Консулын газар маань ямартай ч дөч гаруй хүнийг нэгэн зэрэг хүлээгээд авчих зочид буудалтай юм.  Бас зоогийн газартай. Зочид буудал, зоогийн газрын цөөн хэдэн ажилтан эх орон нэгт зочиддоо эрвийнх дэрвийхээрээ, чин сэтгэлээсээ үйлчилж байнаа. Ёстой л “Инээмсэглэлээр угтаж инээмсэглэлээр үдэх” зарчим эндхийн алтан дүрэм бололтой. Ачаалалтай үед ажлын бус цагаар дипломатууд нь ирчихсэн элбэлцэж туслаад гүйж явах юм. Биднийг хүлээн авсан эмэгтэй  өөрийгөө “Би танай нутгийн бэр байнаа” гэхэд нь л Ерөнхий консулын эхнэр байх нь гэж таасан нь хол зөрөөгүй. Оюунцэцэг гэж эмэгтэй байна. Тэр консулын газрын болоод Улаан-Үдийн тухай товч танилцуулснаар бидний энэ хот дахь аялал эхэлсэн дээ. Өглөө нь бид Ерөнхий консул Цэрэндоржийн Ганболдод бараалхлаа. Консулын өрөө лүү явж байхад эгээ л төрийн ордон шиг эрхэмсэг, нам гүм, хана таазны чимэглэл ч ер бусын санагдсан шүү.  Ерөнхий консул маань Монгол төрийн сүлд, далбааг хүндэтгэн залаастай,  ханандаа  эзэн Чингисийн том хөрөг бүхий өрөөндөө биднийг найрсгаар угтан ярилцсан юм.  Аймгийн ИТХ-ын дарга Сандагийн Буджав, Засаг дарга Сандагийн Од-Эрдэнэ нарын мэндчилгээг аяллын ахлагч маань Ерөнхий консулд уламжилж түүнийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардууллаа. Энэ гурав хоногийн хугацаанд албан болон албан бус уулзалтуудын үеэр Ерөнхий консулын ярьсныг, бас түүний хэдэн сарын өмнө Чита мужийн “Вечорка” сонины сурвалжлагчийн асуултанд хариулснаас ярилцлагын хэлбэрээр дор сийрүүлэв.

            -Ноён Ерөнхий консул Таныг уншигчиддаа танилцуулснаар ярилцлагаа эхлэе дээ?

            - Аав маань жолооч Цэрэндорж гэж хүн байлаа. Дэлгэрхангай сумын уугуул.  Ээж Цэлхээжав гэж нэгдсэн эмнэлэг олон жил сувилагч хийсэн, хүүхдийн сүүний газар ч ажиллаж байсан даа, аймгийн төвийн ахмад үеийхэн анддаггүй юм билээ.  Эрдэнэдалай сумын харьяат. Хоёр ахтай, бас эгчтэй, манайх жирийн л нэг найрсаг, хөгжилтэй гэр бүл байж дээ. Би  Мандалговийн арван жилийн сургуулийг 1979 онд онцсайн дүнтэй төгссөн зургаан хүүхдийн нэг юм билээ. Тэгээд Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцсан. Хүний эмч болоод  Ардын армийн Дорноговь аймгийн Зүүнбаян дахь дивизэд Эрүүл мэндийн албаны дарга болж байлаа. Тэнд ажил амьдралын гараагаа эхэлж тэнд амьдралын ханьтайгаа учирч, хүүхдүүд маань ч тэнд төрж өсч дээ. Тэндээсээ Ленинградын цэргийн академид суралцан төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжлээр хуулийн сургууль дүүргэсэн. Ер нь суралцахад олон жилийг зарцуулсан байна шүү. Анагаахын сургууль чинь бусад сургуулиас олон жилээр төгсгөдөг.

            -Энэ хариуцлагатай албанд томилогдохын өмнө ямар ажил эрхэлж байв?

            -Ерээд оны эхээр хэн хүнгүй наймаа арилжаа сонирхож эхлэхэд жижгэвтэр компани байгуулаад эмнэлгийн тоног төхөөрөмж импортолж үзсэн ч олон жил дагнаагүй ээ. Гадаад харилцааны яаманд Дипломат үйлчилгээ, аж ахуйн газрын дэд дарга,  даргаар долоо найман жил ажиллаж байтал 2013 оны эхээр энэ албанд томилогдчихсон.

            -Та Улаан-Үд хотод сууж байгаа ч хариуцсан тойрог гээд ярьвал?

            -Миний харьяалах тойрог зөвхөн Буриад улсаар хязгаарлагдахгүй ш дээ. Приморск, Хабаровскийн хязгаар, Чита муж... гээд Байгал нуураас ОХУ-ын дорнод хил хүртэл асар өргөн  уудам нутгийг хамардаг. Дорнод Сибирь тэр чигээрээ гэж ойлгохоор том тойрог.  Таван дипломат ажилтайгаа л энэ их нутагт хүрч ажиллана шүү дээ. Манай дипломатууд чинь уугуул нутгаар нь авч үзвэл Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Ховд гээд эх орны баруун, төв, зүүн гээд бүх л бүсийнхэн байх шив дээ.

            -Ерөнхий консул хүний  улс орны өмнө хүлээсэн гол үүргийг тэр болгон хүн мэддэггүй байж   болох юм. Иймд жаахан дэлгэрүүлнэ үү?

            -Хоёр орны найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ.  Харин миний хариуцсан тойрог манай орны Сэлэнгэ,  Хөвсгөл, Хэнтий, Дорнод аймагтай хил залгаа болохоор соёл, урлаг, боловсролын салбарт дээр үеэс хамтын ажиллагааны уламжлалтай юм билээ. Үүнийг улам өргөтгөхөд ихээхэн анхаарч байна. Намайг томилогдсоноос хойш Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал шийдэгдэж Кяхт-Алтанбулагийг боомтыг 24 цагийн ажиллагаатай    болгох хэлэлцээрт нэлээд идэвхитэй оролцож амжилттай шийдвэрлүүлсэн. Хил, боомтоор нэвтрэх асуудал ямар ч хүндрэлгүй болсон нь хоёр орны иргэдэд таатай боломж олголоо. Одоо хоёр орны иргэд визгүй зорчих болж байна. Зарим хязгаарлалт байгаа ч энэ бол манай хоёр орны иргэдэд олдож байгаа сайхан боломж.  Ер нь аль ч улс орнуудын гадаад харилцааны эхний алхам нь ард түмэн хоо­рондын найрсаг харилцаан дээр тул­гуурладаг жамтай. Иргэд хоо­­­рондын найрсаг харилцаа их байх тусам улс хоорондын эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, харилцан ашигтай хамтын ажил­лагаа гүнзгийрдэг учиртай. Сүүлийн үед буриадын талаас Монголын виз хүсэгчдийн тоо эрс өссөн.

 Хоёр жилийн өмнө долоо хоногт 60-80 хүн виз мэдүүлдэг байсан. Сүүлийн үед эрс нэмэгдсэн. Долоо хоногт 150-200, дээд тал нь 300 хүрч байгаа. Ма­най Консулын газар огт хүнгүй өнжинө гэж байдаггүй юм.Одоохарилцан визгүй зорчдог болсноорэнэ тоо хэд дахин нэмэгдэнэ байх.
Манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь  энэ бүс нутагт сурч, ажиллаж, амьдарч буй өөрийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжлэг, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм.  Би тушаал гаргаад хүүхдүүд, тэтгэврийхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд визний хөнгөлөлт үзүүлж байлаа.  Энэ нь   хоёр орны иргэд харилцан зорчихыг үлэмж нэмэгдүүлсэн л дээ.

-Ер нь буриадууд Монгол руу зорчих сонирхол нэмэгдэж байгаагийн учир юунд байх юм?

--Монгол руу явах бодолтой хүн маш олон байна. Монголдоо очно л гэдэг юм. Жишээ нь,гавьяат жүжигчин С.Жавхлангийн хэрэгжүүлж бай­гаа “Хамаг Монгол” төсөл ихээ­хэн үр дүнтэй болсон. Дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мон­гол туургатныг нэгтгэх уриалга буриад зоны сэтгэлийг тун их хөндсөн. Чөлөөтэй байдал, зах зээл ихээхэн нөлөөлж байгаа нь үнэн. Буриадад хориглосон зүйл олон бий. Юмны үнэ нэлээн өндөр. Ер нь тэдний Монголыг зорьдоггурван гол чиглэл байна. Чинээлэг хэсэг нь амрах гэж явдаг. Зуны дэлгэр цагаар сүү, саам их уудаг. Хоёр дахь нь бизнесийн чиглэлээр,арилжаа наймаа хийх гэж,  гурав дахь хэсэг нь хамаатан садныдаа айлчлахаар Монголыг зорьж байна.

-Энэ нутагт Монголчууд хэр олон байна вэ?

-Буриад болон Өвөр Байгалийн хязгаарт 400 гаруй залуус суралцаж байна. Сургалтын төлбөр Оросын бусад сургуулиас  хямд гэдэг юм. Төлбөр нь 2000 доллор орчим байх.  Миний харьяалсан тойрогт  400 гаруй монгол иргэн бизнес эрхэлж байна. Чита мужид тэдний нэлээд нь байдаг. Ирж очоод явдаг хүмүүс гэвэл тэднээс ч олон л доо.

-Буриад нутагт дасч байгаа биз дээ?

-Төрийн томилолт хугацаатай. Энэ хугацаанд оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж ажлынхаа үр дүнг үзнэ гэж зорьж байна.   Байгалийн хувьд их сайхан нутаг. Цэвэр цэнгэг устай, эрүүл хүнстэй гэж оросууд ч өөрсдөө ч энэ нутагт ам сайтай байдаг.

-Буриадыг аймаг оронтойгоо холбох талаар?

-Энэ чинь миний өдөр тутам бодож байгаа асуудал. Харин аймгийн ИТХ-ын дарга Буджав нэлээд холбоотой ажиллаж хамтран зарим асуудлыг шийдэж байна.  Та нараас түрүү Буджав аймгийн ИТХ-ын хэсэг төлөөлөгчтэй ирээд ярилцаад явсан.  Та нараас өмнө бас уяачид нэлээн өргөн бүрэлдүүнтэй ирээд буцлаа.  Хүмүүс ирж очиж байна гэдэг чинь ажлын эхлэл. Бие биенээ таньж мэдэж байна гэсэн үг. Цаашлаад ажил хэргийн холбоо тогтоно л гэсэн үг. Би  эндхийн эрүүл мэндийн салбарынхантай нэлээд ойр харьцаатай. Эмч нар  харилцан 2-3 хоногоор ч гэсэн ирж очоод ажлын арга барил, туршлагаа солилцох боломж байна. Орос, монгол хэлний багш нар  түр солилцож болох юм. Удаан хугацаагаар сэлгэж ажиллуулах тухайд эрх зүйн тийм боломжгүй л дээ. Улаанбаатарын орос сургууль Буриадаас багш урьж ажиллуулаад байдаг. Энэ мэт асуудлыг аймгаас санал албан ёсоор тавивал хэрэгжүүлж болно. Намайг энд ажиллаж байгаа үеийг аймаг орон нутаг маань ашиглаад Буриадтай чиглэл чиглэлээр холбоо тогтоогоод авах хэрэгтэй л дээ.

-Яриа нэлээд албаны чиглэлээр үргэлжилчихлээ. Жаахан өөрчилмөөр санагдчихлаа. Өөрийг чинь сайн уяач, хурдан ажнай олонтой хүн гэж сонслоо. Энэ талаар?

- Өө би чинь аймгийн төвд  өссөн, нэг их морь мал сонирхдоггүй байлаа.  Гэтэл Хэнтийн Галшард Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит наадамд морь уяж очоод түрүүлгэсэн. Түүндээ урамшаад энд тэндээс хурдны удамтай морь авч эхэлсэн. Манай аймаг чинь нэг үе улсад нэр гаргахгүй байлаа ш дээ. Содномпил гуайн хүрэн... гэсгээд л байсан. Дараа нь миний хүрэн халзан морь улсад түрүүлсэн нь аймаг, сумынхаа нэрийг орон даяар зарлуулсан л даа. Харин одоо манай аймгийн хурдцуул улсын наадамд айраг, түрүү алдахаа байжээ.  Миний нагац ах Хөдөлмөрийн баатар Дагва гэж сайхан хүн байлаа. Адуу маллаж л нэрд гарсан хүн. Одоо хүү Цогтбаяр нь сайн уяач байгаа.

-Хүний сэтгэлээс мөнхөд уяатай зүйл нь төрж өссөн нутаг байдаг.  Таны өрөөнд Дэлгэрхангайн уулын том зураг байгаа нь ч үүнийг нотолж байна. Ялангуяа гадаад оронд суугаа таны хувьд?

- Нас ахих тусам нутаг орон их санагдах юм.  Дундговийн дугаартай машин харагдах ч сайхан санагдах болчихож. Манай нутгийн хэн хаана явна, ямар ажил алба эрхэлж явнав гэдгийг мэдэж байх хэрэгтэй юм.  “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг.  Бие биенээ мэдэж хэн нэгэндээ тус дэм болж явна гэдэг хүний ёс.   “Нутгархлаа” гэсэн яриа бол дэмий үг шүү дээ. Би л лав нутаг орныхоо хэнийг ч таарсан тус болохсон л гэж боддог.  Уул ус, угсаа гарлаараа холбогдчихсон улс чинь Дундговь гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй байхаас ч яахав.  Манай Дундговийхон гадаад харилцааны салбарт нэлээд дипломатуудтай боллоо. Австри улсад Г.Батжаргал, Чехт Зүмбэрэллхам,  Сингапурт Б.Дэлгэрмаа, Гонгконгт Ц.Ганболд... гээд элчин, консулаар ажиллаж байна. Ер нь хараад байхад манай аймгаас яам тамгын газруудаар шийдвэр гаргах түвшний  хүн олон ажилладаг юм билээ. Манай говийхон чинь их уужуу тайван, амгалан хүмүүс шүү дээ.  Нэг их нутгархаад, дотночлоод байдаггүй, өө энэ манай нутгийн тэр явж л байна гээд өнгөрөх жишээний. Манай говийнхний зан юмуу даа.  Нэг их сайхан сэтгэлтэй, нийтэч хүмүүс л яваад байдаг.

-Харин тийм. Улаанбаатарт Зарын сонин аваад үзэхэд “Дундговийн айлыг хашаандаа буулгана” гэсэн байдаг. Нутгархаад ингэж үү гээд утасдахад тэр нь хаа хамаагүй өөр аймгийн улс зар өгсөн байдаг. Тэр нь Дундговийхон, хүнлэг, сайхан сэтгэлтэйг нотолсон хэрэг. Энэ чанар нь одооны нэр томьёогоор манай аймгийн “Бренд” юм шигээ. Үүнийг л хэлээд байнаа даа?

-Харин тийм. Тэр чанараа өөрсдөө олж хардаггүй, тоодоггүй, хэнэгтэй хүмүүс юм даа.  Би дипломатууддаа ямар шаардлага тавьдаг вэ гэхээр “Та нар хамгийн гол нь хүн байх хэрэгтэй”  гэдэг.  Хүнд эрдэм боловсрол, олон хэл, компьютерийн мэдлэг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хүн чанар, сайхан сэтгэл гээд бүх юмаараа хүн байхад бүх юм болно.

-Ингээд нутаг орны тухай яриад байвал их зүйл байгаа даа?

- Тэгэлгүй яахав. Унасан газар, угаасан ус нутгийнхнаа харах гоё байна. Ээжтэй минь хамт ажиллаж байсан хүмүүс, ээжийн минь найзын хүүхэд, багш нартайгаа энэ газар хилийн чанад уулзана гэдэг сайхан байна, сэтгэл их хөдөлж байна.  Хүний амьдралд бодож санах юм, дурсах юм олон байдаг.   Нутаг усныхан та нар эргээд холбоотой байгаарай, Буриад улс, Дундговь аймгийн хоорондын хэлхээ холбоог улам  өргөтгөж аймаг орныхоо хөгжилд тэр бүхнээ зориулаарай гэж хэлэх байна. Ингээд аймгийнхаа сониноор дамжуулаад ус нутгийхандаа, Дундговьчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

-За баярлалаа. Таны чин сэтгэлийн үгийг Дундговьчууддаа хүргэх болноо.

                                    Х        Х      Х

            Ерөнхий консулын албан өрөөний нэг хананд  Дэлгэрхангай уулын том зураг хүндэтгэлтэй заларсан харагдана.   Мөн түүнтэй зэрэгцээд Ц.Ганболдын армид ажиллаж байсан, цэргийн академид суралцаж байсан,  Хүрэн халзан морио улсын баяр наадамд түрүүлж ирэх үеийн болон гэр бүлийнхний болоод дипломат  ёслол хүндэтгэлд оролцох үеийн зургуудыг нэг бүрчлэн жаазлан байрлуулсан байна.

            Манай аяллын бүрэлдүүнд явсан дуучин Готовын Энхжаргал:

                        “Талын хүний өмнөөс

                         Та бүхэнтэй уулзъя гэж                                            

                        Таанын айраг сөгнөнгөө

                        Тавтай суугаад ярилцъя гээд

                                    Мандах нарыг дагуулаад

Мандалын говиос гарлаа би

Мандах нарыг дагуулаад

Мандалын говиос ирлээ  би...” хэмээн дуулахад яг энэ уулзалтанд манай аяллынхан зориулаад зохиочихсон шиг  санагдаж байлаа. Мөн л манай нутгийн нэрт найрагч Долгорын Нямаагийн тавин жилийн өмнө Москва хотноо суралцахаар очоод бичсэн шүлгийг манай уран бүтээлчид ийнхүү дүү болгон мөнхөлсөн нь тэр.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна