Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт "Бөөр орлуулах" аппарадыг хосоор нь суурилуулж өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Ингэснээр "Бөөр орлуулах буюу гемодиализийн эмчилгээ"-нд эднийх Хүний гар харахааргүй болов. Ийм аппарадаар эмчлэх шаардлагатай өвчтнийг Улаанбаатарт юмуу хөрш Өмнөговь аймаг руу хүргэх гэж эмнэлгийн байгууллага, өвчтөн хоёрын аль алинд учирч байсан зардал чирэгдэл энэ өдрөөс эхлэн ариллаа. Энэ дагалдах тоног төхөөрөмжийн хамт иж бүрэн хоёр аппарат бүхий кабинетыг тохижуулах эх үүсвэр хэрхэн шийдэгдсэн нь бүр ч сонирхолтой юм.
Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Вержиня мужийн ахлах сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол сурагч Юмдэнгийн Дөлгөөн, Даваабаярын Дөлгөөн гэж ижил нэртэй хоёр хүүхэд хүн амын эрүүл мэндийг дэмжих "Гүмүда" төслийг санаачлан хандивын аян өрнүүлэн цугларсан хөрөнгөөр нэг аппаратыг шийдвэрлэсэн бол Монгол улсад тарилгын шингэн, эмийн бодис үйлдвэрлэдэг “Айвико” ХХК өөрийн хөрөнгөөр нөгөө нэг аппаратыг авч ирүүлснээр ийнхүү хоёр аппаратаар зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайхан боломжтой нээгджээ.
Дундговь аймагт өнөөдрийн байдлаар бөөр орлуулах эмчилгээ зайлшгүй хамрагдах шаардлагатай долоон өвчтөн, хяналтанд 23 өвчтөн байна.
Орон нутагт хүн арддаа эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэн хүн амын эрүүл мэндийг дэмжин хөрөнгө оруулалт хийсэн “Айвико” ХХК-ны төлөөлөл энэ буянтай үйлстээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн энэ бол Дундговь аймагт төдийгүй Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Бөөрний гемодиализийн эмчилгээг орон нутагтаа хийдэг болохын тулд аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн байгууллага бүтэн жилийн өмнөөс хөөцөлдөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аппаратны салшгүй нэг хэсэг болох ус шүүх тоног төхөөрөмжийг 30 сая төгрөгөөр авчирч суурилуулан энэ төрлийн эмчилгээ хийх багт оролцох нэг эмч, хоёр сувилагч, нэг техникчийг мэргэшүүлэх сургалтанд хамруулжээ.
Сэтгэгдэл үлдээх