"ТУЛГА-2018" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН УРАЛДААН МАНДАЛГОВЬД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018-02-04 12:36:41 | 2494 | 0


Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Утга зохиолын нэгдэл, “Эх дэлхийгээ аваръя” жиргээ холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Тулга” хайр халамжийн нийгэмлэгээс хамтран хоёр орны зохиолчдын дунд зарласан хайр халамжийн сэдэвт богино өгүүллэгийн уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт Мандалговьд боллоо. Уралдаанд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн  зохиолчдын олон арван бүтээл ирснээс эхний шатанд шалгарсан арван өгүүллэгийг ТХДЖТ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын жүжигчид уншин сонсголоо. Зохиолчдын бүтээлийг олон түмний сонорт хүргэсэн өгүүлэх урлагаар мэргэшсэн жүжигчдийн  өгүүллэгийн санааг тод илтгэсэн чадварлаг уншилтыг уралдаанд оролцогчид ба үзэгчид халуун талархалтай хүлээн авсныг энд онцлон тэмдэглүүштэй.
 Уралдааны нээлтэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцон үг хэлж ӨМӨЗО-ны зохиолч О.Сарнай, М.Сайнцогт нарыг  Шилийн гол болон Дундговь аймгийн  ард түмний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Засаг даргын жуух бичгээр шагнасныг гардууллаа.
Уралдааны дүн гарахад  Дорноговь аймгийн зохиолч, аймгийн Музейн захирал Л.Эрдэнэбатын “Цасан цагаан хулан” өгүүллэг тэргүүн байр эзэлж 1100 000 төгрөгийн мөнгөн шагнал, "Гүр" угшлын хурдан удмын даага, тулганд бадрах галыг дүрсэлсэн алтан цом, гэрэгэ гардлаа. Дэд байранд Шилийн гол аймгийн зохиолч Өргөндалайн “Танил чулуу” өгүүллэг шалгарч   мөнгөн шагналынхаа гуравны нэгийг Өндөршил суманд  малын гоц халдварт өвчний голомтод ажиллагсдад дэмжлэг болгон тус сумын ЗДТГ-ын дарга Амгаланжаргалд  гардуулсан юм. Гутгаар байрыг Дундговь аймгийн зохиолч, МГСС-ийн багш Ц.Ганхуягийн “Ханш нээх цагаар” өгүүллэгт олгосон бол тусгай байрыг Өмнөговь аймгийн зохиолч Батхүрэлийн “Ингэн буйлаан”, Шилийнгол аймгийн зохиолч Журамтын “Алтайн хөх салхи” өгүүллэг эзэллээ.  Мөн тус уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь болох ӨМӨЗО-ны зохиолч М.Сайнцогтыг  тэргүүн байрын шагналтай дүйцэх шагнал болох хурдан удмын даагаар шагнасныг Өндөршил сумын ЗДТГ-ын дарга Амгаланжаргал, Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг нар гардуулсан юм.  Тэд цаг үеийн байдлаас болж шагналын даагыг авчирч чадаагүй ч шагналын хээр халтар дааганы фото зургийг авч ирснээ хүндэтгэлтэйгээр гардуулж баяр хүргэлээ. Энэ уралдааны ивээн тэтгэгчээр “Технож” инкубатор төвийн захирал Г.Галааридий, Хуулч, өмгөөлөгч Л:Данзанноров нар оролцсонд зохиолчид баярлаж талархсанаа илэрхийллээ.Мөн зарим зохиолч, зохион байгуулагчдыг Монголын Зохиолчдын хорооны шагналаар шагнасныг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, уралдааны ерөнхий шүүгч Ц.Түмэнбаяр гардуулав. 
Уралдааны ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, Шүүгчээр МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболдбаатар,  БНХАУ-ын утга зохиолын “Солонго” шагналт зохиолч Ш.Бөхөө, мөн улсын “Солонго” шагналт зохиолч Борнууд Эрдэнэтогтох, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга Ж.Мөнхтөр нар ажиллаа.
 Энд үг хэлсэн “Тулга” хайр халамжийн нийгэмлэгийн тэргүүн С.Түмэнгэрэл, “Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо”  ТББ-ын тэргүүн Д.Наранцогт нар “Энэ богино өгүүллэгийн уралдаан нь Шилийн гол аймаг, Монголын говийн бүсийн аймгуудын хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа” гэж онцлон тэмдэглэв.  Шалгарсан 20 өгүүллэгийг кирилл, монгол үсгээр ном болгон хэвлэж Өвөрмонгол болон Монгол улсад олны хүртээл болгоно.
 С.ПҮРЭВСҮРЭН

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна