Хад асга ихтэй, уулын хүнд зам болох Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам засварын ажил энэ оны зургаадугаар сарын 23-ны өдөр эхэлж ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Түм арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллажээ.
Уг нь гүйцэтгэгч компаниуд Улиастай-Загастайн даваа чиглэлийн эхний 30 километр хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, Хатавчийн давааны замыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч тодорхой нөхцөлүүдээс хамаарч энэ сарын 15-ны өдөр нээхээр болсон байна.
Мөн Загастайн давааны хатуу хучилттай авто замын ажлыг ирэх хавар эрт дуусгахаар төлөвлөж буй тул арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл тэсэлгээний ажлуудыг үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг өглөө. Гүйцэтгэгч компаниудын зүгээс хүн хүч, техник хэрэгсэлээ нэмэгдүүлж тус замын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам нь 10 метр өргөн далантай, долоон метр өргөн, таван сантиметр зузаан асфальтбетон хучилттай, 20 сантиметр зузаан буталсан чулуун суурьтай, 40 сантиметр зузаан суурийн доод үетэй байх бөгөөд нийт хучилтын хийцийн зузаан 65 сантиметр, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй хайрган хөвөөтэй, нийт 68 байршилд төмөр бетон хоолойтой байхаар төлөвлөгджээ.
Сэтгэгдэл үлдээх