Завханы хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн ээлжит хурал болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 55 сая төгрөгийг зарцуулахаар хэлэлцэн баталжээ.
Тухайлбал нийтийг хамарсан ажлын байр хөтөлбөрийн хүрээнд 24 суманд 340 ажлын байр бий болгоход 95.2 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд есөн сумын 17 ахмадад 14.3 сая төгрөгийг тус тус баталсан байна. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 13 сумын 61 малчныг малжуулахад 270 сая төгрөгийг зарцуулж, 122 ажлын байр бий болгох шийдвэрийг гаргажээ. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд ажлын байр дэмжихэд 46 иргэнд 230 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 200 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 27 сая төгрөг, нийт 512 сая төгрөгийн дэмжлэг олгосноор 246 ажлын байр бий болно.
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилттой уялдуулан сумдад жижиг үйлдвэр байгуулж иргэдэд олгохоор тус тус шийдвэрлэлээ. Дээрх санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлснээр нийтдээ 873 түр болон байнгын ажлын байр бий болох юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачилгын төслийг хэлэлцэн баталлаа хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.
дашрамд дуулгахад, энэ оны хагас жилийн мэдээгээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүргүүлсэн ажил идэвхтэй хайж буй ажилгүй хүний тоо 719 болж өнгөрсөн оны мөн үеэс 23.9 хувиар буюу 227 хүнээр буурсан байна.
Сэтгэгдэл үлдээх