Өвөлжилтийн бэлтгэл ажил 75.9 хувьтай байна

2015-11-02 05:21:58 | 1277 | 0


Завхан аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа

Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.  Манай аймгийн хувьд өвөлжилийн бэлтгэл ажлаа хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Төв суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар МУ-ын Засгийн газраас 2015 оны 292, 293-р тогтоолууд гарсан. Үүнтэй уялдуулаад аймгийн Засаг даргын 2015 оны 08 сарын 04-нд гарсан 03 тоот албан даалгаврыг сумдад хүргүүлсэн. Үүний хүрээнд 2015 оны А/196 захирамжаар миний бие ахалсан ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсэг маань төв суурин газрын болон ХАА-н чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах 23 заалт бүхий нэгдсэн төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

 ХАА-н чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлдэж чадсан уу?

-Одоогийн байдлаар өвс тэжээлийг харьцангуй сайн бэлдсэн гэж үзэж байгаа. Жишээ нь: Тэс суманд 72 тн, Сонгино сум 14 тн, Цэцэн-Уул сум 32 тн, Тосонцэнгэл 300 тн, Шилүүстэй 156.6 тн  өвс  бэлдсэн бол Тосонцэнгэлд 50 тн, Шилүүстэйд 50 тн, Завханмандал 38.3 тн, Улиастайд 50 тн, Түдэвтэйд 38.3 тн хивэг бэлдээд байна. Ер нь сүүлийн үед улс орны аюулгүйн нөөц бэлдэх тал дээр өвс тэжээлийг эхний ээлжинд сум, тэгээд аймаг бэлдэнэ. Сум, аймгийн нөөц дууссан тохиолдолд улсын нөөц гэсэн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай нөөц бэлдээд байна.

Тэгвэл сумдын хувьд өвөлд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

- Сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар байгалийн хадлан 12.5 мянган тн, малын тэжээл 1072.5 мянган тн, гар тэжээл 72.5 тн-ыг тус тус бэлтгэж ерөнхий гүйцэтгэл нь 75.8 хувьтай байна. Сумдын аюулгүйн нөөц бэлдэх талаар энэ жилийн хувьд ихэнх нутгаар гантай байсан учраас харьцангуй бага хувьтай байгаа. Мөн сумдын малчин иргэдийн бэлтгэсэн өвс, тэжээл тусдаа байгаа. Өвс тэжээлээ хамгийн сайн бэлдсэн сум гэвэл Тэлмэн, Тэс, Сонгино, Алдархаан зэрэг сумууд байна.

 

Отрын бүс нутагт өвөлжих хүн, малын урьдчилсан судалгаа хийгдсэн үү. Ер нь энэ жилийн хувьд манай аймагт хичнээн мал өвөлжихөөр байгаа вэ?

-Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд 24 сумын 115 багийн 7.9 мянган малчин өрхийн 3.4 сая толгой мал өвөлжих тооцоо бий. Үүнээс 50.000 толгой малыг Завхан хүнс групп бэлтгэж аваад байгаа. Мөн Хөвсгөл, Архангай, Баянхонгор гэсэн аймгуудад өвөлжих малчин өрх, малын тоо болон Завханмандалын отрын бүс нутагт өвөлжих мал, малчдын тоо урьдчилсан байдлаар гараад байна. Жишээ нь Отгон сумаас  л гэхэд энэ жил Баянхонгор аймгийн хоёр суманд  есөн өрхийн 15 хүн, 12.6 мянган толгой мал өвөлжих тооцоо байна. Манай аймгаас хамгийн их мал өвөлжих нь Хөвсгөл аймгийн Их-Уул сум байна. Мөн нэгдсэн дүнгээр Архангай аймгийн тав, Хөвсгөл аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн сумдад нийтдээ 29 өрхийн 106 хүн, 21.6 мянган толгой мал өвөлжихөөр байна. Түүнчлэн Тосонцэнгэлийн бүсэд Архангайн хоёр, Хөвсгөлийн дөрвөн сумын нийт 27 өрхийн 71 хүн, 17 мянган толгой мал өвөлжихөөр байна. Аймгийн хэмжээгээр дээрх аймгуудад 65 өрхийн 192 хүн, 48.9 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гараад байна. Багахайрханы отрын бүс нутагт одоогийн байдлаар есөн сумын 193 өрхийн 155 хүн, 157.2 мянган толгой мал өвөлжихөөр саналаа ирүүлээд байна. Харин өөрийнх нь даац 90 мянган толгой мал байдаг учраас саналуудыг нь тэр бүр хүлээж авахад хэцүүхэн байна. Гэхдээ жилээс жилд отрын бүс нутаг даацаасаа хэтэрдэг. 

Хилийн  зурвас, дархан даацтай газарт өвөлжих хүн, малын урьдчилсан судалгаа гарсан байх? Энэ талаар?

-Хилийн зурвас, дархан цаазтай газар өвөлжих малын тоог бид мөн гаргаад байна. Хилийн зурваст Тэс, Баянтэсийн 48 өрхийн 34.6 мянган толгой мал өвөлжихөөр байна. Харин улсын тусгай хамгаалалттай газарт Алдархаан, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын 59 өрхийн 13.6 мянган толгой мал өвөлжихөөр байна. Ер нь бол мал аж ахуй, ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажил 75.9 хувьтай байгаа бөгөөд малчдын зүгээс болон аймаг, сумдын хэмжээнд  харьцангуй сайн бэлтгэсэн гэж үзэж байгаа.

Тэгвэл төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байгаа вэ?

-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нүүрс татан авалт харьцангуй гайгүй байгаа. Ерөнхийдөө сумууд нэг сарын нөөцтэй байгаа. Харин аймгийн төвдөө 21 хоногийн нүүрсний нөөц татсан байгаа.  Мөн засвар үйлчилгээний ажлууд нилээд эрт, сайн хийгдсэн.

Автозамын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Манай аймгийн хувьд замын ажил хэр ахицтай байгаа вэ?

-Зам тээврийн тухайд гэвэл 2015.10.06-аас эхлээд сайдын тушаалын дагуу Загастайн давааг хоёр сарын хугацаагаар хаан давааны замын ажил явагдаж байгаа. Загастайн даваа бол МУ-д байгаа хамгийн хүнд нөхцөлтэй даваануудын нэг. Сая Зам тээврийн сайд Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, Авто замын газрын дарга Доржханд нар ирж замын байдалтай танилцлаа. Тэд манай аймгийн замыг  маш хүнд зам. Ирэх жилийн төсөвт үүнийг заавал суулгах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ зам мөддөө явахгүй, чулуулаг ихтэй, тэсэлгээ ярвигтай хүнд зам гээд  энэ замыг авч хийх компани ховор байсан хэмээж байлаа. Нийт зургаан км замыг өрөмдөж, тэслэхээс өнөөдрийн байдлаар эхний тэсэлгээнүүдийг хийгээд өрөмдлөгүүд явагдаж байна. Нийт найман км замыг янзалсан байгаа. 2016 онд замын ажил дуусна. Мөн Хурдны зам компанийн гүйцэтгэж байгаа 127 км Цахир, Тосонцэнгэлийн зам одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Хүйтэрсэнтэй  холбоотойгоор  хориод км замыг тавьж амжаагүй учраас энэ жилдээ хараахан дуусгаж чадсангүй. Эдгээр ажлыг харьцангуй хурдан хугацаанд гүйцэтгэсэн гэж болно. Түүнчлэн  концессын гэрээгээр Увс аймгийн Хяргас  нуурын зүүн хаяанаас Сонгино сум хүртэл 135.5 км автозамыг Шинжан Шинфа компани амжилттай гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын тухайд?

-Бүтээн байгуулалтын хувьд улс орны эдийн засаг хямарсан энэ үед улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд явагдаж байгаа.  Аймгийн төвд Зам тээврийн яамны сайдын багцаар явагдсан ажлууд нилээд амжилттай, үнэлгээ сайтай хийгдлээ. Мөн сургууль цэцэрлэгүүдийн барилгын ажил нилээд сайн хийгдсэн. Ерөнхийдөө гүйцэтгэл нилээд өндөр хувьтай гарч байгаа. Жишээ нь Асгат сум дахь 15 ортой эмнэлгийн барилга ирэх жил дуусах байсан ч энэ жил дуусч байгаа нь төсөв хэмнэсэн явдал юм. Энэ мэтчилэн үр дүнтэй явагдсан бүтээн байгуулалтын ажлууд олон бий.

Таниас асуугаагүй үлдсэн зүйл байж болох юм?

-Цаг агаарын урьдчилсан мэдээ, ирэх жилийн эдийн засаг,  нийгмийн байдлыг аваад үзвэл улс орон хямарсан байдалтай байх учраас үйлдвэрлэгч, татварын орлого, үйлдвэрлэл, нийгмийн байдал буурах хандлагатай байна. Нөгөө талаар мал, махны үнэ буурах төлөвтэй байна. Эдгээр эрсдэлээс сэргийлэхийн тулд зөв, зүйтэй үйл ажиллагаа явуулахыг чухалчилна. Ард түмэн ч бас зөв зүйтэй талаас нь ойлгож хандах хэрэгтэй шүү гэдгийг давхар хэлмээр байна.   

 



Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна