Манай аймагт БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж газар зохион байгуулалтын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 10.85 хувь нь улсын тусгай хамгаалалтанд, 4.15 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтанд, өөрөөр хэлбэл аймгийн нийт газар нутгийн 15 хувь нь тусгай хамгаалалтанд байдаг. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх, уул уурхайн бус бүс нутаг байх, байгалиа онгон дагшинаар нь авч үлдэхийг зорьж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга энэ үеэр онцлов.
Мөн 7-р сарын 22-25-ны өдрүүдэд болох Нүүдэлчдийн соёлын наадмын тухай мэдээллийг өглөө. Харин БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх аймаг орон нутгийн зүгээс баримталж байгаа бодлогыг сайшаалаа. Түүнчлэн Завхан аймагт болох Нүүдэлчдийн соёлын наадам бол олон жил хүлээсэн, жинхэнэ нүүдэлчин ахуй соёлыг харуулсан сайхан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгааг хэлээд яамны зүгээ дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ажлын хэсгийнхэн Завхан аймагт ажиллах үеэрээ Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийг өргөжүүлэх шаардлага, үндэслэл, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, Дөрвөлжин суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн байгаль орчны үйл ажиллагаатай танилцах ажээ.
Мөн Завхан аймаг дахь байгаль орчны салбарын байгууллагуудтай уулзалт хийх, Дөрвөлжин суманд газрын доройтлыг бууруулах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежментийг нэвтрүүлэхэд хувийн хэвшил, ОУ-ын донор байгууллага, төсөл, орон нутгийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны эхлэлийн өнөөгийн байдал, Завхан голын чацарганы төгөлтэй тус тус танилцах юм.
Б.Мягмарсүрэн
Сэтгэгдэл үлдээх