Завхан аймгийн Дөрвөлжин сумд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь” нэртэй төслийг хэрэгжүүлээд зургаан сар болж байна. Энэхүү төслийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдэд зориулан МОНЭС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр , CEDAW-WATCH ТББ, МСНЭ-ийн Завхан дахь салбар, ЦЭЦБИЛЭГТ ҮЙЛС ТББ хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн үйл ажиллагааг хариуцлагажуулах, сум орон нутаг, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох орон нутгийн эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах чиглэлээр нэгдэж өөрсдийн санал санаачлага дуу хоолойг илэрхийлэх боломжийг олгож тэднийг бүлэг болгон чадавхижуулж байгаа гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна.
“Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн үр шимийг Дөрвөлжин сумын 500 орчим эмэгтэйчүүд хүртээд байна. Харин төслийн хоёр дахь шатанд төслийн эхний шатанд сонгогдсон Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох малчин, төрийн байгууллагын ажилтан, төрийн байгууллагад шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүд сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч эмэгтэйчүүд гэхчлэн 20 эмэгтэй хоёр бүлэгт хуваагдан төсөлтэй хамтран ажиллаж байна. Эдгээр 20 эмэгтэй нь төслийн үр шимийг хүртэж орон нутагтаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд санал нэмэрлэх, хамтран оролцох, уул уурхайн компани болон сумын ЗДТГ, шийдвэр гаргах түвшинд хамтран хяналт тавьж оролцож эхлээд байна. Төслийн хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүд байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоогхэрхэн яаж нэмэгдүүлэх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /хэрэгжилт, хэрхэн мэдээлэл авах журам/, Эрдэс баялгын талаарх эрх зүйн зохицуулалт, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, /Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль/, Иргэдийн оролцоо нөлөөлөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Соёлын биет ба биет бус өв гэж юу вэ? /хадгалалт, хамгаалалт, нөхөн олговор/, Орон нутаг дахь соёлын биет ба биет бус өвийн хадгалалт хамгаалалтын талаарх судалгаа, мэдээлэл гэхчлэн хууль эрх зүйн талаарх ойлголт мэдлэгтэй болжээ.
Хамтын ажиллагааны гэрээг байгуулснаас хойш нэг ч удаа тайлан тавигдаагүй гэв
Төслийн дэмжлэгээр Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн бүлэг ТББ-ууд хамтран Дөрвөлжин сумын ЗДТГ, Баян Айраг эксплорэйшн ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, биелэлт, хэр үр дүнтэй байгаа талаарх үнэлгээг өгч төслийн зүгээс зөвлөмж гаргажээ.
Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлэгээ хийх багийн бүрэлдэхүүнд Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд болон орон нутгийн ТББ-ын төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр гэрээний заалт бүрийг нарийвчлан авч хөндлөнгийн үнэлгээг хийсэн байна. Баян Айраг эксплорэйшн ХХК, Дөрвөлжин сумын ЗДТГ хамтран хамтын ажиллагааны гэрээг 2013 оны 10-р сарын 15 нь өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан ба 2015 оны 1 сарын 7 ны өдөр гэрээний хугацааг дуусгавар болсон хугацаанаас нөхөн сунгахаар гэрээ сунгах хавсралт гэрээг байгуулсан байна. Уг гэрээг байгуулагдахаас өмнө Дөрвөлжин сумын нөлөөллийн бүс нутаг болох Цогт багтай Баянайраг Эксплорейши ХХК нь 2013 оны 8 сарын 29-ны өдөр гэрээг байгуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42-зүйлийг “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгуулагатай гэрээ байгуулан ажиллах, гэснийг үндэс болгон төслийн талбайд хамрагдаж байгаа гол нөлөөлийн бүсийн иргэдтэй харилцан шийдвэрт хүрэх зорилгоор Засаг дарга аман итгэмжлэлээр эрхээ шилжүүлснээр Цогт багтай гэрээг анх байгуулж дараа нь нутгийн захиргааны байгуулагатай гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаас сумын байгаль орчныг хамгаалах, уурхайг ашиглах ,үйлдвэр байгуулахтай хобогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг стандартад заасан хамгийн бага хэмжээнд байлгах, нөлөөлөлд өртсөн айл өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,компанийн үйл ажиллагааны эдийн засгийн эрхийг хүндэтгэж,тогтвортой тасралтгүй , хэвийн байдлыг хангаж орон нутгийн удирдлага, иргэд компанийн хооронд ил тод шударга,нээлттэй байх, гэрээг хэрэгжүүлэхдээ тэгш оролцоотой байх,шударга ёсыг сахих, харилцан ашигтай нээлттэй байх, шударгаар сахин биелүүлэхээр зорилгодоо тусгажээ. Гэрээнд байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх, дэд бүтэц, нийгмийн асуудлын талаар хэрэгжүүлэх ажлуудыг гурван гол хэсэг болгож оруулсан байна. Гэрээнд үнэлгээ өгөх ажлын үеэр хамтын ажиллагааны гэрээний талаар орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд огт мэдэхгүй байгаа ба орон нутгийн засаг захиргааны байгууллага болон компанийн зүгээс гэрээний зорилго, ач холбогдлын талаарх танилцуулга уулзалтыг нэг ч удаа зохион байгуулаагүй ба өнөөг хүртэл огт гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй. Иргэд эмэгтэйчүүд гэрээний хэрэгжилтийн талаарх ойлголтгүйгээс иргэдийн идэвхи, оролцоо, хандлага сул байна. Дээрх гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх тал дээр сум орон нутгийн зүгээс санаачилга гаргаагүй ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 222-р тогтоол, аймгийн ЗДТГ-ын 2013 оны 3/299 тоотыг үндэслэн ОҮИТБ-ын санаачилгын дэд зөвлөлийг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан боловч уг дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа гишүүд болон орон нутгийн иргэд энэ талаарх огт мэдээлэлгүй байжээ. Мөн Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах сумын дэд зөвлөл зөвхөн цаасан дээр хэлбэржиж хүлээсэн үүргээ биелүүлэх, олон нийтэд нээлттэй мэдээллэх тал дээр ямарч ажил хийгдээгүй байна.Хамтын ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргээгүй гэрээний хэрэгжилтийн талаарх иргэдийн ойлголтогт байхгүй байна. Байгаль орчны нөхөн сэргээлт хийгддэг эсэх , тэнд иргэдийн оролцоотой хяналт хийгдсэн тайлан мэдээлэл олдохгүй байгаа ба зөвхөн ашиглагч компанийн мэдээллээр л асуудалд ханддаг байнахэмээн төслийн баг, эмэгтэйчүүдийн бүлэг үнэлсэн байна.
Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-ын үйл ажиллагааг иргэд огт мэдэхгүй байв
Сумдын иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх “ Баян-Дөрвөлжингийн өгөөж” ТББ-ыг Дөрвөлжин сум байгуулж сумын Засаг даргаас эрх олгосныг үндэслэн Хамтын ажиллагааны гэрээбайгуулсан хэдий ч энэхүү ТББ-ын мэдээлэл, тайлан нийтэд ил тод биш байгааг эмэгтэйчүүд үнэлгээний үеэр мэдээллэв.
Тодруулбал БаянДөрвөлжингийн өгөөж ТББ нь Дөрвөлжин сумаас “ Баянайраг” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний Засаг даргаас эрх олгогдсон, байгаль орчны чиглэлээрх үүргийн биелэлтэнд хяналт тавих,хамгаалах, экологийн боловсрол олгох, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлуудад төдийлөн ач холбогдол өгөөгүй байна. Мөн Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө,тайлан нь ил тод нээлттэй бус иргэдэд мэдээлэл хүрээгүй,иргэд эмэгтэйчүүдийн энэ талаарх ойлголт мэдээлэл байхгүй, зөвхөн сумын мэргэжлийн хүмүүсийн хүрээнд л мэдээлэл байдаг байна. Тус ТББ –ын үйл ажиллагааны мэдээлэл сумын иргэд эмэгтэйчүүдийн ойлголт мэдээлэл өрөөсгөл , компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Дөрвөлжин сумд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гүйцэтгэх ажлын дараалал, төслөөс гарах үр дүн, хэрэгжүүлэх дараалал төсвийн тооцооллыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэснээр тухайн онд компаниас сумын хөгжилд оруулах санхүүжилтийг л Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-аар дамжуулан авдаг байжээ. Харин хяналт оролцоог ТББ-аар дамжуулан дорвитой ажил хийгдээгүй байгаа талаарх мэдээллийг төслийн зүгээс өглөө. Гэрээний хугацаанд Дөрвөлжин сум нь Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-аар дамжуулан сумын хөгжлийн хөтөлбөрт 100,0 сая, Буга, Буурал, Таван толгой, Онц багуудыг хөгжүүлэх зорилгоор тус бүр 10,0 сая төгрөгийг 2014 оноос тус тус хуваарилан авч ажиллаж байна. Дөрвөлжин сумд эмэгтэйчүүдийн нөлөөлөл чадавхийг бэхжүүлэх сургалтын үеэр Баянайраг эксплорэйшн ХХКнь Дөрвөлжин сумын ЗДТГ*-тай хийсэн 2013-2015 оны гэрээний тайлангаа өгчээ. Баянайраг эксплорэйшн ХХК-ийн тайлан, гэрээний хэрэгжилтийн тайлангийн хурлаас харахад тус компани нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болох эрсдлийг, хамгийн бага түвшинд байлгах,нутгийн эко системийг алдагдуулахгүйгээр нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлж ихээхэн хэмжээний ажил хийсэнхэмээн танилцуулжээ. Харин төслийн хүрээнд иргэдээс авсан судалгаа, нүүр тулсан ярилцлагаар орон нутгийн иргэд төдийлөн сайн үнэлгээ өгөхгүй байна. Тус компани нь хамтын ажиллагааны гэрээгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн орон нутагт тайлагнах мэдээ тайланг нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хүмүүсд хугацаанд нь хүргэдэг боловч иргэдийг мэдээлэлжүүлэх, байгаль орчны талаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, нөхөн сэргээлтээр хийгдсэн ажлуудыг иргэдээр үнэлүүлж, тэдний санал бодлыг тусгах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэдгийг төслийн баг, зорилтот бүлгийн эмэгтэйчүүд дүгнэжээ. Дашрамд Баян Айраг эксплорэйшн ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөг зарцуулж 2013-2015 оны хооронд Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд бүтээн байгуулалт, сумын хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө 870 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
Мөн орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдээс 4.4 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авсан тухайгаа 2013-2015 оны Тогтвортой байдлын тайландаа өгүүлжээ. Мөн компанийн ил тод байдлыг хангаж ажиллах чиглэлээр компанийхаа үйл ажиллагааны талаар иргэдийг мэдээлэлжүүлэх, тэдэнтэй нүүр тулсан уулзалт хийж санал зөвлөмжийг нь сонсож үйл ажиллагаандаа тусгах үүднээс Дөрвөлжин Эрдэнэхайрхан сумдад жил бүр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Тус өдөрлөгөөр компанийн мэргэжлийн хэлтсүүд тус тусын үйл ажиллагаандаа хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг биетээр танилцуулдаг. Нээлттэй хаалганы өдөрлөгт 2013-2015 онд 400 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн тухайгаа мөн тайландаа өгүүлжээ. Харин орон нутгийн иргэдийн төслийн хүрээнд явуулсан судалгааны 80 гаруй орчим хувь нь мэдээлэл хаалттай гэж дуулгасан байна.
Б.Сүрэн
Сэтгэгдэл үлдээх