О.Амгаланбаатар: Улс төржихдөө гол нь биш ард иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийг зорилоо

2018-10-29 12:24:32 | 276 | 0


Бид энэ удаагийн “Уулзах цаг” буландаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гааль, татвар хариуцсан Орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатарыг урин “Жинхэнэ эрх чөлөө” нээлттэй уулзалтын талаар болон аймаг орон нутагтаа цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынх нь талаар ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна. 
 
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Алтай нутгийн иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх үүднээс гадаадын шилдэг сургуулиудыг төгсөж буй залуусыг урин илтгэл тавиуллаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
Сайн, сайн байна уу. Юуны өмнө танай сониноор дамжуулан Алтай нутгийн зон олонтойгоо мэндчилж байгаадаа баяртай байна. Өнөөдөр илтгэл тавьж буй таван залуу маань Харвард, Оксфорд, Шанхай зэрэг дэлхийн ТОП их сургуулиудыг төгссөн залуучууд байгаа. Эдгээр залуусыг урьж аймгийнхаа иргэдтэй уулзуулж, дэлхийн чиг хандлага ямар байна, гадаадад суралцах боломж хэр байдаг талаар зөв цэгцтэй мэдээ мэдээллийг хүргэх, харилцан санал бодлыг солилцуулах зорилготойгоор тус уулзалтыг зохион байгууллаа. Мөн энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бас нэг хүчин зүйл нь Америк улсад 3 сар сурахдаа гадаадад сурч байгаа Монгол оюутнуудыг ажиглан ерөнхийдөө хүүхдээ их анхаарч, зөв зааж чиглүүлдэг хүмүүсийн хүүхдүүд сурдаг юм байна гэсэн ойлголттой болсон. Тиймээс нутгийнхаа ирээдүй хойч үе болсон залуусаа нэг нь ч гэсэн эндээс зөв ойлголт мэдээлэл авч сурах эрмэлзлэлтэй болж эдгээр лекц уншиж буй залуус шиг гадаадын шилдэг их сургуулиудад сураасай гэсэн чин зорилгын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэж болно. 
 
-Энд залуус тэр дундаа ахлах ангийн сурагчид түлхүү цугласан байна л даа?
Тиймээ. Энэхүү нээлттэй уулзалт маань заал дүүрэн залуус цугласан сайхан арга хэмжээ боллоо. Манай Алтайчууд бол оюунлаг ард түмэн. Гэхдээ жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр хойшилж байгааг харахад оюунлаг байдлаа сайн хөгжүүлж чадахгүй байна уу даа гэж харамсахад хүргэдэг. Үүнээс болоод Монгол улсаа цаашлаад дэлхийг өөрчлөх залуус маань багасаж байна гэж үзэн хүүхэд залуустаа сурах эрмэлзлэл, эцэг эхчүүдэд хүүхдээ сургах эрмэлзлэл төрүүлэх үүднээс уг уулзалтыг санаачилсан юм. 
 
-Цаашдаа энэ мэт нутагруугаа чиглэсэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Би ерөнхийдөө оюуны хөрөнгө оруулалтыг түлхүү хийхийг зорьж байна. Засаг дарга байхдаа ч энэ тал дээр нэлээн анхаардаг байсан. Нэг томоохон програм зохион бүтээхэд л дэлхийг өөрчилж чадаж байна. Ер нь сэтгэгчид л дэлхийг өөрчилж байна шүү дээ. Монголыг ч бас өөрчилсөн сэтгэгчид бий. Тэр дундаа манай аймгийн Ц.Лоохууз гуай хөдөө аж ахуй, эдийн засгийн хөгжилд эрс өөрчлөлт хийсэн. Мөн Говь-Алтайн зохиолч М.Цэдэндорж хавчигдмал гэж ярьдаг социализмийн үед чөлөөт нийгмийг бий болгоход чиглэж зохиол бүтээл, орчуулгыг хийж байсан зэргийг дурдаж болох юм. Бүгдийг өөрчилж чадахгүй ч, хүмүүсийн хандлагыг өөрчилж чадвал илүү өөрчлөлт гарна гэж бодож байна. Нэг их улс төржихдөө гол нь биш ард иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийг зорилоо. 
 
-Таны хувьд аймгийн Ардчилсан намын даргыг сонгох шалгаруулалтад өрсөлдөж байгаа шүү дээ?
Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын сонгууль болж байгаа. Өрсөлдөгч байхгүй байгааг манай намынхан надад итгэл хүлээлгэж байна гэж ойлгож байгаа. 
 
-Тэгэхээр та сонгогдох нь нэгэнт тодорхой болчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй юм байна. Даргын албан тушаалыг аваад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Бодож санаж буй зүйлээсээ хуваалцвал?
Гишүүдийнхээ боловсролд анхаарахаас ажлаа эхэлнэ гэж бодож байна. Ер нь бид өөрсдийгөө өөрчилж байж бусдыг өөрчилнө, цаашлаад нийгмийг өөрчилнө. 
 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
 
                                                        Ярилцсан: А.Нямбаяр

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна
Debug toolbar